03:38
25.11.2026
Лхагва
МИАТ компани маргааш “Өгэдэй хаан” нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна
24.11.26 18:18

 Үндэсний агаарын тээврийн МИАТ компани маргааш “Өгэдэй” нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээн авна.

Энэ нь МИАТ компанийн хүлээн авах хоёр дахь “Boeing 737 MAX 8” хөлөг бөгөөд бүс нутгийн зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад дэмжлэг болох юм. Энэхүү онгоцны онцлог нь өмнөх үеийн 737NG загвараас түлш болон техник үйлчилгээний зардал харьцангуй бага буюу жилдээ нэг сая орчим ам.доллар хэмнэх ажээ. Б737-8МАХ хөлөг нь:

-Өмнөх үеийн загваруудтай харьцуулахад түлшний зарцуулалт ойролцоогоор 14-20 хувиар бага.

-Ашиглалтын дуу чимээний түвшин багассан.

-Хоёр ангиллын зохион байгуулалттайгаар (бизнес ба энгийн) 162-178 зорчигч, дээд тал нь 210 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

-6570 км (3550 далайн миль) хүртэлх зайд зогсолтгүй нисэх чадвартай бөгөөд энэ нь Улаанбаатараас Зүүн Өмнөд Ази болон Европын зарим чиглэлд шууд нисэх боломжийг олгодог.

-“CFM International” компанийн шинэ үеийн хоёр ширхэг LEAP-1B тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон (дуу чимээг 40 хувь хүртэл бууруулсан).

-Дундаж хурд нь 839 км/цаг, нислэгийн дээд өндөр нь 12500 метр (41,000 фут).

-Их биеийн урт 39.52 метр, далавчны дэлгэмэл урт 35.9 метр, хөөрөх дээд жин нь 82.19 тонн.

-“Boeing Sky Interior” буюу илүү том цонх, гар тээшний багтаамж сайтай тавиур, нүд ядраахгүй LED гэрэлтүүлгийн системтэй зэрэг давуу талтай юм.

Одоогоор тус компани 70 суудалтай CRJ700 хоёр, 174 болон 162 суудалтай 737-800 гурван онгоцоос гадна 162 болон 168 суудалтай  хоёр ширхэг 737-8МАХ хөлөгтэй боллоо. Түүнчлэн 252 суудалтай, 767-300 нэг, 292 суудалтай 787-9 хоёр, ачаа тээврийн 757-200F загварын нэг онгоцтой байгаа юм. Ингэснээр МИАТ түүхэндээ хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлөгтэйгөөр үйл ажиллагаа явуулахаар болж байна. Энэ бол зөвхөн онгоцны тоо нэмэгдэж байгаа хэрэг биш. Нислэгийн сүлжээ, тээвэрлэх хүчин чадал, үйлчилгээний хүртээмж, өрсөлдөх чадвараа нэмэх чухал алхам гэдгийг тус компанийнхан онцлов.

АНУ-ын “Boeing” компани МИАТ-тай 1992 оноос хойш 30 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын ИНЕГ болон МИАТ компанид мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.