06:44
20.10.2026
Мягмар
ОХУ, Монгол Улс Улаанбаатарын Дулааны 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэх ажлаар тохиролцов

 

ОХУ, Монгол Улсын талууд Улаанбаатар дахь Дулааны цахилгаан станц-3 (ДЦС-3)-ыг шинэчлэн өргөтгөх үндсэн төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээг “ТЭЦ-3” төрийн өмчит нийгэмлэг болон “Интер РАО – Экспорт” ХХК хооронд байгуулсан бөгөөд ОХУ-ын Эрчим хүчний долоо хоногийн үеэр гарын үсэг зурсан байна. Энэ тухай ОХУ-ын Эрчим хүчний яамны сайтад мэдээлжээ.

ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев Монгол Улсын Эрчим хүчний сайд Бадрахын Найдал, Үйлдвэр, ашигт малтмалын сайд Гонгорын Дамдинням нартай хэлэлцээ хийв.

“Энэ төсөл Монголын төвийн эрчим хүчний системийн хөгжилд төдийгүй ОХУ, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд стратегийн ач холбогдолтой. Гэрээг амжилттай хэрэгжүүлж, дараа нь ДЦС-3-ыг шинэчлэн өргөтгөнө гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр орны компаниудын хамтын ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байна” гэж Сергей Цивилев хэллээ.

Хэлэлцээний сэдэв

ОХУ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хамгийн том түнш юм. Уулзалтын үеэр талууд ОХУ-аас цахилгаан эрчим хүч экспортлохыг өргөжүүлэх боломж, Монгол Улсын усан цахилгаан эрчим хүчний нөөцийг ашиглах, атомын эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Түлш, эрчим хүчний цогцолборын, тэр дундаа атомын салбарын боловсон хүчин бэлтгэх, ажилтнуудыг сургах туршлага солилцох асуудалд тусгай анхаарал хандуулсан байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжил, дижитал дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг цахилгаан сүлжээнд нэгтгэх, эрчим хүч хуримтлуулах системийг ашиглах асуудлыг талууд авч хэлэлцжээ.

ОХУ, Монгол Улсын эрчим хүчний системийг нэгтгэсний 50 жилийн ойн асуудал уулзалтын чухал сэдвийн нэг байв.

Эх сурвалж: ОХУ-ын Эрчим хүчний яам, minenergo.gov.ru

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.