Украин дахь дайныг зогсоох талаар АНУ-аас дэвшүүлсэн шинэ саналын гол нөхцөлүүдийн нэг нь Европын орнууд Оросын дамжуулах хоолойгоор их хэмжээний байгалийн хий худалдан авч эхлэх тухай юм гэж “The New York Times” (NYT) сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ.
Тус сонины эх сурвалжуудын мэдээлснээр, ийм саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф, Жаред Кушнер нар Украин, Европын Холбооны /ЕХ/ төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний үеэр гаргасан байна. Түүнчлэн есдүгээр сард Киев хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа уг саналыг хэлэлцжээ. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Европ руу их хэмжээний байгалийн хий нийлүүлж эхлэх нь Оросын хувьд дайныг зогсоох эдийн засгийн хөшүүргүүдийн нэг болох аж.
ЕХ-ны төлөөлөгчид уг саналыг нааштай хүлээж аваагүй байна. Тухайлбал, ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерцийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ойрын зөвлөх Гюнтер Зауттер ширүүн шүүмжилжээ. Европ, Украины зарим албан тушаалтан АНУ-ыг Оросын хийн экспортоос орлогын хувь эзэмшихийг эрмэлзэж магадгүй гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна АНУ, Оросын талууд “Умардын урсгал” хийн хоолойн үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Балтын тэнгисийн ёроолоор тавьсан, Орос, Германыг холбодог энэхүү хийн хоолой 2022 оны наймдугаар сард дэлбэрэлт болсноос хойш ажиллахгүй байгаа юм. Энэ асуудлыг хоёр тал хэлэлцсэн тухай аравдугаар сарын эхээр “Reuters” агентлаг таван эх сурвалжийг эш татан мэдээлж байв. NYT-ийн эх сурвалжуудын нэгнийх нь хэлснээр, энхийн хэлэлцээр байгуулсон тохиолдлод “Умардын урсгал” хоолойн үйл ажиллагааг “хялбархан” сэргээнэ гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа ажээ.
Харин Цагаан ордны төлөөлөгчид сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Умардын урсгал”-ын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг няцаасан байна. “Энэ асуудалтай холбоотой аливаа тохиролцоонд хүрэхийн тулд иж бүрэн энхийн хэлэлцээрийн хүрээнд Европын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах шаардлагатай” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдэгджээ.
ЕХ 2026 оны нэгдүгээр сард Оросын дамжуулах хоолойгоор нийлүүлдэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хийн импортыг 2027 оны 11 дүгээр сарын 1 гэхэд бүрэн зогсоохоор тохиролцсон юм. Тус холбооны баталсан хуулиар мөн ОХУ-тай байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулахыг хориглосон байна.
2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш ЕХ-ны байгалийн хийн импортод Оросын эзлэх хувь эрс буурсан байна. Тодруулбал, 2021 онд 45 хувь байсан бол 2024 онд 19 орчим хувь, 2025 онд 13 хувь болжээ.
Украины эрх баригчид Оросын “Газпром” компанитай байгуулсан гэрээний хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нутаг дэвсгэрээрээ дамжуулан Оросын байгалийн хийг Европ руу нийлүүлэхээ зогсоосон юм. Үүний улмаас Украины тал байгалийн хий дамжуулсны төлбөрөөс жил бүр олдог байсан 900 сая орчим еврогийн орлогоо алдаж байгааг NYT сонинд дурдсан байна.
Эх сурвалж: NYT