08:27
06.10.2026
Мягмар
БНХАУ-д нэг жилийн дотор 670 банкийг татан буулгажээ
05.10.26 12:37

БНХАУ-д санхүүгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд нэг жилийн дотор 670 банк буюу нийт банкуудын 18.6 хувийг татан буулгажээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, санхүүгийн эрсдэлийг бууруулах, зах зээлийг эрүүлжүүлэх зорилгоор орон нутгийн жижиг болон дунд банкуудыг нэгтгэх, бүтцийн өөрчлөлт явуулах хөтөлбөрийн хүрээнд ийн банкуудын тоог цөөлж байна. Түүнчлэн, энэхүү алхам нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай холбоотой дефляц үүссэн мөн төрийн хяналт чангатгасантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Синьхуа агентлагийн мэдэллээр, Хятадын орон нутгийн банкуудын тоо 1700-аас мянга орчим болж цөөрчээ. Цаашид ч орон нутгийн банкуудын тоог цөөлөхөөр төлөвлөж байгаа аж.

Хятадын хөдөө орон нутаг дахь олон зуун банкууд хаагдсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн урт хугацааны хямралтай холбоотой гэж шинжээчид онцолжээ. Барилгын компаниудын асуудал банкуудыг чанартай активгүй болгож байгаа бол банкуудыг татан буулгах болон нэгтгэх үйл явц нь барилгын компаниуд болон худалдан авагчдыг санхүүжилтгүй болгож байна.

“Evergrande”, “Country Garden” зэрэг барилгын салбарын хамгийн том тоглогчид дампуурсны дараа, банкууд хувийн барилгын компаниудад зээл олгохоо бараг бүрэн зогсоосон. Санхүүжилтийг гол төлөв төрийн өмчит барилгын компаниудад олгож байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг аажмаар төрийн мэдэлд авах үйл явцад хүргэж байна.

Орон нутгийн жижиг банкуудын зээлийн багцад үл хөдлөх хөрөнгийн салбарын чанаргүй зээлийн эзлэх хувь маш өндөр байсан тул ийн хамгийн түрүүнд хаагдаад байна. Улмаар худалдан авагчид дараагийн барилгын компани дампуурах эсвэл орон нутгийн банк хаагдахаас эмээж, баригдаж буй объектуудад хөрөнгө оруулахаас болгоомжилж байна. Сүүлийн жилүүдэд орон сууцны нийт борлуулалт 60 гаруй хувиар буурчээ. Ард иргэдийг итгэлийг сэргээхийн тулд Хятадын Ардын банк ипотекийн зээлийн дээд хугацааг 30-аас 40 жил болгож уртасгах зэрэг арга хэмжээ авч байгаа ч дефляцийг зогсоож, худалдан авагчдыг эргүүлэн татаж чадахгүй байна.

Эх сурвалж:  Financial Times (FT) 

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.