2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар Испанийн шигшээ баг тодорлоо.
Энэ жил анх удаа 48 улсын баг оролцож, 104 тоглолт гарахаар болсон бөгөөд финалын шатанд Испани болон Аргентины шигшээ багууд өрсөлдсөн юм.
Тоглолтын турш Испанийн шигшээ баг бөмбөг эзэмшилтээр илүүрхэж, хэд хэдэн довтолгоог хийж Аргентиныг сандаргасан. Гэхдээ өнгөрсөн ДАШТ-ий Алтан бээлий шагналын эзэн, Аргентины хаалгач Эмилиано Мартинес амжилттай хааж байв.
Харин Аргентины шигшээгийн хувьд хаалга руу чиглэсэн нэг ч довтолгоо хийхгүй байсаар тоглолтын үндсэн цаг дууссан.
Аргентины шигшээгээс гурван тамирчин шар хуудсаар торгуулаад байсан. Тэдний нэг нь Энцо Фернандес байсан бөгөөд шүүгчийн нэмэлт минутад Испанийн тоглогч дээр алдаа гаргасныхаа улмаас дахин торгуулж, улаан хуудастайгаар талбайг орхих болсон юм.
Тоглолтын үндсэн цагт гоол ороогүй тул тоглолт нэмэлт цаг руу шилжих болов.
Нэмэлт цагийн хоёр дахь үе эхлээд удалгүй Испанийн шигшээ багийн тамирчин Ферран Торрес Нико Уильямсын дамжуулалтаар гоол оруулсан нь тэдэнд ялалт авчирлаа.
Ийнхүү Испанийн шигшээ 16 жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж буй нь энэ юм.