20:46
12.07.2026
Ням
ОХУ-д энэ оны эхний таван сард хоёр сая гаруй гадаадын жуулчин аялжээ
11.07.26 18:20

Зураг : ОХУ-ын Засгийн газрын MAX суваг

Энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд ОХУ-ыг зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 23 хувиар өсөж, 2 саяд хүрсэн байна. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын MAX дахь албан ёсны сувгаар мэдээллээ.

Жуулчдын тоо ийнхүү өсөхөд визийн журмыг шат дараатай хөнгөвчилсөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, ОХУ нь Хятад, Оман, Саудын Араб, Иордан, Мьянмар улсуудтай визгүй зорчих журам хэрэгжүүлж байгаагаас гадна цахим виз олгодог орнуудын тоог 53-аас 64 болгон нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн цахим визээр тус улсад байх хугацааг 16 хоног байсныг 30 хоног болгон сунгажээ.

Мөн шууд нислэгийн газар зүйн хүрээ тэлсээр байна. Сүүлийн жилүүдэд Катар, Бахрейн, Оман, Вьетнам, Индонез улсуудаас шууд нислэг үйлдэж эхэлсэн бол 2025 онд Саудын Арабаас шинэ чиглэл нээж, Вьетнам, Хятад улсуудтай хийх нислэгийн маршрутыг өргөтгөжээ.

Дотоодын аялал жуулчлал 6.2 хувиар өсөв

ОХУ-ын Статистикийн хорооны (Росстат) тоо баримтад үндэслэн Шадар сайд Дмитрий Чернышенко, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников нар энэ оны эхний 5 сарын дотоодын аялал жуулчлалын үзүүлэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд Оросын иргэд тус улс дотроо 34.2 сая удаа аялсан нь өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

«Аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн голлох хөдөлгөгч хүчний нэг хэвээр байна. Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар хэрэгжиж буй “Аялал жуулчлал ба зочлох үйлчилгээ” үндэсний төслийн хүрээнд хийгдэж буй системтэй ажлууд нь зөвхөн аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй, улс орныг бүхэлд нь хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна» хэмээн Шадар сайд Дмитрий Чернышенко тэмдэглэв.

Эхний 5 сарын байдлаар хамгийн их жуулчин хүлээн авсан бүс нутгууд:

  • Москва хот (5.2 сая)

  • Краснодарын хязгаар (3.2 сая)

  • Москва муж (2.7 сая)

  • Санкт-Петербург хот (2.6 сая)

  • Татарстан Улс (1.2 сая)

  • Крым (862 мянга)

  • Свердловск муж (859 мянга)

  • Тюмень муж (794 мянга)

  • Ростов муж (689 мянга)

  • Ставрополийн хязгаар (649 мянга)

Үүнээс гадна аялал жуулчлалын дэд бүтцээ идэвхтэй хөгжүүлж буй дараах бүс нутгуудад жуулчдын урсгал үлэмж хэмжээгээр нэмэгджээ. Үүнд: Тува Улс, Севастополь, Карачай-Черкес, Дагестан, Амур муж болон Хойд Осети-Алани багтаж байна.

«Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ маршрутууд бий болгоход гол анхаарлаа хандуулсан бүс нутгууд өсөлтийн хурдаараа тэргүүлэгч боллоо» гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников дүгнэв.

Эх сурвалж: ОХУ-ын Засгийн газрын албан ёсны суваг / Росстат (Оросын Статистикийн хороо)

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.