Зураг: Freepik
Azzuro Resources компани Монгол улс дахь зэс-алтны VMS (Галт уулын гаралтай массив сульфид) «Улаан Үнэг» (Red Hill) төслөөсөө зэсээр баялаг массив сульфидын хүдэр илрүүлсэн бөгөөд шинжилгээний үр дүн нь хүлээлтээс давсан байна. Энэ тухай MongolianNews агентлаг мэдээллээ.
Бурж илрүүлсэн MU2603 цооногоос 83.2 метрийн гүнд 1.70% зэс, 0.85 г/т алт, 16.86 г/т мөнгө, 0.21% цайрын агууламж бүхий 21.45 метр үргэлжлэх хүдрийн үе тогтоогдсон байна. Үүнээс 95 метрийн гүнд 3.27% зэс, 1.04 г/т алт, 18.09 г/т мөнгө, 0.20% цайрын агууламжтай 8 метр өндөр агууламжтай хэсэг тусгаарлагджээ.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Azzuro Resources (ASX:AZ9) компанийн мэдээлснээр, шинжилгээний үр дүн нь тус цооногоос илэрсэн зэсийн өндөр агууламжтай массив сульфидын биетийг баталгаажуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн урьдчилсан үнэлгээгээр хийсэн MU2502 цооногийн үр дүнгээс хавьгүй өндөр агууламжтай гарчээ.
MU2603 цооног нь өмнөх MU2502 цооногоор илэрсэн массив сульфидын дээд суналтыг шалгах зорилготой байсан бөгөөд өмнөх огтлолцолоос ойролцоогоор 75-80 метрийн дээд түвшинд хүдрийн бүсийг огтолсон байна. Түүнчлэн, 126.95 метрийн гүнд 2.67% зэс, 0.63 г/т алт, 5.9 г/т мөнгө, 0.68% цайрын агууламжтай, 0.45 метр зузаан хагас массив сульфидын судлыг илрүүлжээ.
Гүйцэтгэх захирал Ган-Очир Зундуйсүрэн MU2603 цооногийн шинжилгээний үр дүн хүлээлтээс давсаныг онцлов.
«Өнгөрсөн жилийн хайгуулын өрөмдлөгтэй харьцуулахад дээд хажуугийн дагуу зэсийн агууламж хавьгүй өндөр гарсан нь Улаан Үнэг (Red Hill) бүсэд зэс, алтны өндөр агууламжтай, ирээдүйтэй, томоохон хэмжээний VMS систем байгаа гэх бидний итгэлийг улам баталгаажууллаа» хэмээн тэрбээр хэлэв.
«Мөн VMS системээс хойд зүгт алтны өргөн, гүн биш (гадаргуутай ойр) бүс байгааг баталгаажуулсан нь тун урамтай үр дүн юм».
Хоёр дахь алмазан өрөмдлөгийн MU2602 цооног нь гематит болон лимонитоор баялаг гидротермаль брекчийн доорх эрдэсжилтийн зүүн зүгийн үргэлжлэлийг шалгасан бөгөөд ингэснээр «Улаан Үнэг» ордын цар хүрээг улам тэлсэн байна.
Тус цооногоор 68.75 метрийн гүнд 0.67% зэс, 0.16 г/т алт, 0.15% цайрын агууламж илэрснээс гадна 78 метрийн гүнд 1.51% зэс, 0.34 г/т алт, 0.19% цайрын агууламж бүхий 4 метр үе тогтоогджээ. Мөн 90 метрийн гүнд 0.77% зэс, 0.35 г/т алт, 0.36% цайрын агууламжтай 4.3 метр бүс, 19 метрийн гүнд 0.74 г/т алтны агууламжтай (үүнд 27 метрийн гүнд 1.58 г/т агууламжтай 3 метр хэсэг багтсан) 12 метрийн гүн биш алтны бүсийг тус тус илрүүлсэн байна.
«Улаан Үнэг» VMS системээс хойд зүгт орших гадаргуутай ойр исэлдсэн алт-мөнгөний эрдэсжилтийн хажуугийн үргэлжлэлийг шалгасан RC (урвуу эргэлтийн) гурван цооногийн шинжилгээний үр дүн алтны хэтийн төлөвийг улам нэмэгдүүллээ.
MURC02 цооног: MU2501 цооногоос баруун-баруун хойш 335 метрийн зайд, 5 метрийн гүнд 0.63 г/т алтны агууламж үзүүлсэн.
MURC03 цооног: MU2501 цооногоос зүүн-зүүн өмнөд зүгт 96 метрийн зайд, 9 метрийн гүнд 0.59 г/т алт, 4.17 г/т мөнгөний агууламж үзүүлсэн.
Эдгээр үр дүн нь гадаргуугаас мөрдөгдөж буй алтны бүс VMS системээс хойд зүгт 600 гаруй метр үргэлжлэх боломжтойг харуулж байна. Харин хамгийн хойд цэгт өрөмдсөн MURC01 цооногоос зөвхөн зэсийн бага агууламжтай нарийн үеүд илэрсэн бөгөөд тухайн байршилд алтны гүн биш бүсийн үргэлжлэл баталгаажаагүй байна.
Өмнө нь Майхан-Уул гэж нэрлэгддэг байсан «Улаан Үнэг» (Red Hill) нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших, тус компанийн 100% эзэмшлийн зэс-алтны төсөл бөгөөд галт уулын гаралтай массив сульфидын (VMS) эрдэсжилтийн өндөр ирээдүйтэй бүсэд тооцогддог. Red Hill бүсэд геологийн тааламжтай тогтоц дотор судлагдаагүй олон тооны геофизик, геохимийн аномалиуд байгаа нь цаашид шинэ нээлтүүд хийх боломжтойг илтгэж байна.
Azzuro компани 7-р сард багтан Red Hill төслийн үлдсэн 9 цооногийн шинжилгээний үр дүн, мөн Коппер-Риж (Copper Ridge) дэх CRS05 цооногийн өрөмдлөгийн үр дүн болон Овал (Oval) зэс-никелийн талбайн 3D цахилгаан томографийн (геофизикийн) анхны ажлын үр дүнгүүдийг хүлээн авахаар хүлээж байна.
Тус компани өрөмдлөг, геологи, DHEM (цооногийн цахилгаан соронзон), гравиметр, цахилгаан эсэргүүцэл болон цэнэгжих чанарын өгөгдлүүдийг ашиглан өргөн хүрээтэй сульфидын систем, гадаргуутай ойр алт-мөнгөний бүс болон гүн биш зэс-алтны ордуудыг хамарсан дараагийн шатны хайгуулын зорилтот цэгүүдийг тодорхойлох юм.
Гүйцэтгэх захирал Ган-Очир хэлэхдээ, 2026 оны бүрэн санхүүжигдсэн хайгуулын хөтөлбөр нь компанийн зүгээс системийн цар хүрээг тогтоохоор ажиллаж буй энэ үед хөрөнгө оруулагчдад тасралтгүй шинэ мэдээ мэдээллийг хүргэх болно гэдгийг тэмдэглэв.
Эх сурвалж: MongolianNews