21:11
14.05.2026
Пүрэв
Забайкальтай хиллэдэг Манжуурын авто замын боомтын ачаа эргэлт оны эхнээс 27.2 хувиар өсжээ
2026 оны эхний улиралд Хятад, Оросын хил дээр байрлах Манжуур авто замын боомтоор дамжин өнгөрсөн ачаа эргэлт 640 мянган тоннд хүрчээ. Харин бараа эргэлтийн хэмжээ 31.76 тэрбум юань (ойролцоогоор 4.64 тэрбум ам.доллар)-д хүрсэн байна. Эдгээр үзүүлэлтүүд нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 27.2%, бараа эргэлтийн хэмжээ 51%-иар тус тус өссөн үзүүлэлт болохыг Хятадын өдөр тутмын “Нэймэнгу жибао” сониноос эш татан “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Манжуурын авто замын боомт нь Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх хуурай замын үндсэн суваг юм. Энэхүү боомтоор дамжих хил дамнасан худалдааны солилцоо улам нягтарсаар байна. Энд хил дамнасан тээврийн урсгал тогтвортой өсөөд зогсохгүй, хил дамнасан цахим худалдаа болон зах зээлийн худалдан авалт зэрэг бизнесийн шинэ хэлбэрүүдийн хөгжил хурдацтай явагдаж байна.
Уг боомтын тусламжтайгаар Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд Европын зах зээлд шууд, үр ашигтайгаар нийлүүлэгдэж байгаа бол гадаад орнуудын нөөц баялаг, өндөр чанартай бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээлд тасралтгүй орж ирж байна.
Манжуурын авто замын боомтын гадаад худалдааны эргэлт ийнхүү мэдэгдэхүйц өсөхөд орон нутгийн гаалийн байгууллагын хүчин чармайлт гол нөлөө үзүүлжээ. Тэд Хятад, Оросын холбогдох талуудын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор мэдээлэл солилцоог эрчимжүүлсэн байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн гаалийн алба “ухаалаг гааль” болон “ухаалаг боомт”-ыг бий болгохыг дэмжиж, “урьдчилан мэдүүлэх + гаалийн бүрдүүлэлтийн цаг захиалах” зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн шалгалт, нэвтрүүлэх хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.
Цаашид орон нутгийн гааль “Бүс ба Зам” санаачилгыг чанартай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Хятад улсын хойд зүгт нээлттэй байх шинэ гарцыг бий болгох, мөн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна.
​Эх сурвалж: “Синьхуа” агентлаг / “Нэймэнгу жибао” сонин
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.