02:40
09.06.2026
Мягмар
Забайкалийн Хөгжлийн сайд ПМЭФ-ийн үеэр бүс нутгийн газрын ховор элементийн салбарыг хөгжүүлэх талаар танилцууллаа

ОХУ-ын эдийн засаг, технологийн тусгаар тогтнолыг хангахад Забайкалийн хязгаарын уул уурхайн салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ-2026)-ын үеэр онцлов. Тус бүс нутгийн Төлөвлөлт, хөгжлийн сайд Виталий Эксузян болон Хөгжлийн корпорацын тэргүүн Денис Стрыгин нар «Ховор бөгөөд стратегийн түүхий эд: Газрын ховор элемент болон нэн чухал ашигт малтмалын салбар дахь тусгаар тогтнол ба олон улсын хамтын ажиллагаа» сэдэвт салбар хуралдаанд оролцож, хязгаар нутгийн баялгийн нөөц боломжийг танилцууллаа.

“Газрын ховор элементийн салбарыг хөгжүүлэх нь Забайкалийн хувьд стратегийн асар өндөр ач холбогдолтой. Энэ нь бүс нутагт шинээр ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг хурдасгаад зогсохгүй, манай хязгаар нутгийг улс орны хэмжээнд стратегийн гол түшиц газар болгон хувиргах юм” хэмээн Виталий Эксузян хуралдааны үеэр мэдэгдэв.

Забайкалийн хязгаар нь орчин үеийн өндөр технологи, электроник болон батерей үйлдвэрлэлд нэн шаардлагатай ховор металлын хайгуул, олборлолтоор Оросын Холбооны Улсад тэргүүлдэг. Тухайлбах, Оросын нийт ураны нөөцийн 87 хувь, хайлуур жоншны 42 хувь, цирконийн 36 хувь, молибденийн 30 хувь нь зөвхөн энэ бүс нутагт төвлөрч байна. Түүнчлэн лити, берилли, тантал, ниоби зэрэг стратегийн чухал түүхий эдийн томоохон ордууд энд бий.

Ирээдүйд эдийн засгийн эргэлтэд орох гол төслүүдээс дурдвал:

  • Завитинскийн орд: Батерей, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн гол түүхий эд болох 192 сая гаруй тонн литийн нөөцтэй.

  • Катугиний орд: Сансар судлал, цөмийн эрчим хүч, анагаах ухаан болон микроэлектроникийн салбарт ашиглагддаг тантал, ниоби, цирконийн 600 мянга гаруй тонны нөөцтэй бөгөөд дэлхийн хэмжээний томоохон орд газарт тооцогдож байна.

Салбар хуралдаанд оролцсон ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуров улс орны стратегийн зорилтыг танилцуулахдаа, Орос улс ирэх 2028 он гэхэд газрын ховор металл гарган авах, боловсруулах технологийн иж бүрэн, бүтэн хэлхээг дотооддоо бий болгохоор төлөвлөж байгааг тэмдэглэв. Түүний хэлснээр, орчин үеийн аж үйлдвэрт бат бөх, хүйтэнд тэсвэртэй, чанартай металлын хайлш гаргаж авахад газрын ховор элементийн нэмэлтгүйгээр ажиллах ямар ч боломжгүй болсон байна.

Үүний зэрэгцээ Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов олон бүрэлдэхүүнтэй, ховор металлын ордуудын нөөцийн мэдээллийн үнэн зөв байдлыг чангатгах, үнэлгээг тодорхой болгох хуулийн төсөл дээр ажиллаж байгаагаа дуулгалаа.

Забайкалийн хязгаарыг 2035 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн стратегид тусгагдсанаар, уул уурхай-металлургийн цогцолбор нь тус бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байх бөгөөд дотоодын төдийгүй гадаадын зах зээл, тэр дундаа Азийн орнуудад нийлүүлэх экспортын хэмжээг эрс нэмэгдүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Забайкалийн хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн яамны хэвлэлийн алба

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.