20:18
15.05.2026
Баасан
Забайкальд XIX зууны сүүл үеийн Цугол дацангийн ховор гэрэл зургуудыг дэлгэсэн үзэсгэлэн гарна
Забайкалийн хязгаарын буддын шашны гурван том сүм хийдийн түүхэн тэмдэглэлт ой болох Цугол дацангийн 225 жил, Агинск дацангийн 215 жил, Зугалай дацангийн 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэн (0+) 5 дугаар сарын 15-ны өдөр Нерчинскийн орон нутаг судлалын музейд нээгдэх гэж байна. Энэ тухай тус музейн “ВКонтакте” цахим хуудаснаа мэдээлжээ.
Үзэсгэлэнд XIX зууны эцэс, XX зууны эхэн үед холбогдох, эх хувь нь Москва, Санкт-Петербург, Хабаровск, Чита хотуудын архив, музейн цугулгад хадгалагддаг ховор бөгөөд нэн үнэ цэнтэй гэрэл зургууд, түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлэх аж.
Дэлгэгдэж буй бүтээлүүд дунд сүм хийдийн архитектурын зураг төсөл, төлөвлөлт, зураач П.Н. Рязанцевын усан будгийн зургууд, мөн тухайн үеийн гэрэл зурагчид болох С.Б. Туманов, Э.Т. Нино, П.П. Шимкевич нарын түүхэн гэрэл зургууд багтсан байна.
Үүнээс гадна, үзэгчид Нерчинскийн музейн сан хөмрөгт хадгалагддаг эртний буддын шашны нандин шүтээн болох танка (сонгодог бурхны зураг) болон цаца (шавраар урласан суварга, бурхны дүр)-нуудтай танилцах боломжтой.
Үзэсгэлэнгийн тайлбар бичвэрүүдийн тодорхой хэсгийг Нерчинскийн орон нутаг судлаач, байгаль шинжээч М.А. Зензиновын “Забайкалийн буриадуудын тухай” хэмээх бүтээлийн хэсгээс эш татан бэлтгэжээ.
Эх сурвалж: Нерчинскийн орон нутаг судлалын музейн “ВКонтакте” хуудас
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.