20:19
15.05.2026
Баасан
В.Путин: ОХУ бусад улс орнуудтай технологийн холбоо байгуулах эрмэлзэлтэй байна
15.05.26 15:57
ОХУ бусад улс орнуудтай технологийн түншлэлийн холбоо байгуулах зорилготой байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 5 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан Бүх оросын олон нийтийн байгууллага болох “Улс орны машин үйлдвэрлэгчдийн холбоо”-ны их хурлын үеэр мэдэгдсэнийг “Известия” сонин уламжлав.
Оросын удирдагч хэлсэн үгэндээ “Бид өөрсдийн технологийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ зөвхөн өөрийн улсын хүрээнд хаалттай байхыг урьтал болгохгүй. Харин ч эсрэгээрээ бусад улс орнуудтай харилцан ашигтай холбоог үүсгэн байгуулж, өргөжүүлэх эрмэлзэлтэй байна” хэмээн онцолжээ.
Төрийн тэргүүний хэлснээр, Москвагийн зүгээс Оросын машин механизм, тоног төхөөрөмж болон технологийн платформыг ашиглах гадаадын түншүүдийн санаачилгыг бүх талаар дэмжихэд бэлэн байгаа аж.
Мөн В.Путин улс орнуудын оюуны болон нөөц бололцооны чадамжийг нэгтгэх нь Оросын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт шинэ боломжуудыг нээнэ гэдгийг тэмдэглэв.
Үүнээс гадна, ОХУ-ын машин үйлдвэрлэгчид найрсаг бус орнуудын зүгээс учруулж буй хүндрэл, саад бэрхшээлийг үл харгалзан амжилттай ажиллаж байгааг Ерөнхийлөгч дурдсан юм. Түүний мэдээлснээр, Оросын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны дүнгээр 2021 оны түвшнээс 12 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж:Известия
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.