21:25
17.06.2026
Лхагва
Шинэ үеийнхэнд зориулсан бүтээгдэхүүн болон уламжлалт соёлоороо бусад орноос ялгарах боломжтой

Монгол Улс Gen Z буюу шинэ үеийн жуулчдад зориулсан бүтээгдэхүүнээрээ, олон мянган жилийн түүхтэй нүүдлийн уламжлалт, өвөрмөц соёлоо давуу тал болгож Азийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх боломжтой.

Учир нь аялал жуулчлалын зах зээл цар тахлын дараа үеэс жуулчдын сонирхол өөрчлөгдөж, өөрийгөө илүү таньж мэдэх, сорих, адал явдал хөөх хандлага руу чиглэх болсныг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Батболд Улаанбаатар хотноо энэ сарын 11-13-нд болж буй Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форумд оролцох үеэрээ хэллээ.

Газар зүйн хувьд Азийн төвд оршдог, өвөрмөц соёлтой Монгол Улсад олон орны судлаач форумд оролцохоор ирж, манай орны тухай өргөн ойлголт, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, хамтран ажиллах шинэлэг санал санаачилга гаргаж байгаа нь ач холбогдолтой юм. Манай орон жилийн дөрвөн улиралтайгаараа Азийн бусад орноос цаг агаар, уур амьсгалын хувьд ялгаатай, давуу талтай ч үүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Засгийн газраас аялал жуулчлалыг улирал харгалзахгүй хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд өвлийн улиралд жуулчдыг татах цас мөсний баяр, аяллыг тогтмол зохион байгуулах болсон билээ.

Аялал жуулчлал нь хөгжлийн нөлөөгөөр бүдгэрч буй нүүдлийн соёл, өв уламжлалыг сэргээх, хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй. Тухайлбал, баруун аймгийнхны тэмээн нүүдэл, сарлаг ачих зэрэг монгол ахуйтай холбоотой соёл, эдлэл хэрэглэлээ сонирхуулах, үүгээрээ нутгийн иргэд орлого олох боломжтойг Д.Батболд дурдаад, “Жуулчдын сонирхол, хэв маяг байнга өөрчлөгдөж байдаг. Цар тахлын дараа энэ байдал илүү анзаарагдсан. Шинэ үеийн залуусын хандлага их ондоо. Мэдээллийг цахимаар авахаас эхлээд илүү технологижиж, аялалд өөрийгөө таньж мэдэх, сорих, суралцах, адал явдал хөөх трэнд давамгайлах болсон. Хиймэл оюун ч  бидэнд шинэ боломжийг нээж, цаг хугацааг ч хэмнэж байна. Азийг сонирхох жуулчид ч олширсон. Иймд дахин давтагдахгүй, монголын гэсэн өвөрмөц онцлогоо давуу тал болгосноор Азийн зах зээлд өрсөлдөх боломж бий” хэмээв.

ССАЖЗЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хонконгийн Политехникийн их сургууль, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй форумд БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланка, Камбож, АНУ, ХБНГУ зэрэг 22 улсын 100 гаруй шилдэг илтгэгч, эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид оролцож, Азийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалын боловрсол, инновац, зочлох үйлчилгээний хөгжил, хүний нөөц, хамтын ажиллагааны боломж болон орчин үеийн технологийг хэрхэн ашиглах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.