22:01
13.08.2026
Пүрэв
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУРАЛЦАГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ, САНУУЛГА
06.08.26 20:04

ОХУ-д суралцах хугацаандаа тус улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, аливаа хүндрэл бэрхшээлгүйгээр эрдэм номдоо шамдан суралцаж, аюулгүй байдлаа хангахад тань туслах үүднээс Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах зөвлөмж, сануулгыг хүргэж байна.

НЭГ. ОРШИН СУУХ БҮРТГЭЛИЙН ТАЛААР ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад оюутан суралцах зорилгоор түр оршин суух зөвшөөрөл (РВПО) авахад суралцах сургуулиас өгөх зөвлөмжийн дагуу холбогдох баримт бичиг (өргөдөл, паспорт, паспортын орчуулга, 35×45 мм хэмжээтэй цээж зураг 2 хувь, “Хил нэвтрэх хуудас” буюу “Миграционная карта”, бүртгэл (“Регистрация”), эрүүл мэндийн бичиг, хурууны хээний бүртгэл буюу “Зеленая карта”)-ийг бүрдүүлэхэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
1. ОХУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед олгодог “Хил нэвтрэх хуудас”-ны “Зорилго” (Цель въезда) хэсэгт “Суралцах” (Учеба) гэж заавал тэмдэглэх ба уг хуудсыг суралцах хугацаандаа үрэгдүүлэлгүйгээр хадгалах;
2. Паспорт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, эсвэл дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын орчуулга, тэдгээрийн нотариатын баталгааг ОХУ-ын нутаг дэвсгэрт хийлгэх;
3. ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн өдрөөс эхлэн ажлын 3-7 хоногийн дотор өөрийн суралцаж буй сургуулийн Гадаад харилцааны хэлтэст хандаж, түр оршин суух бүртгэл (“Регистрация”) заавал хийлгэх;
4. ОХУ-ын хилээр нэвтэрснээс хойш 30 хоногийн дотор эмнэлгийн үзлэг болон хурууны хээний бүртгэлд (биометр) заавал хамрагдсан байх;
5. Оюутны визний хугацаа дуусахаас 30-40 хоногийн өмнө сургуулийнхаа виз хариуцсан хэлтэст хандаж, материалуудаа бүрдүүлэн өгч, визний сунгалт хийлгэх.

ХОЁР. САНУУЛГА

1. ОХУ-д шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг чанартай эзэмшихэд орос хэлийг сайн сурах нь нэн чухал юм. Бэлтгэл ангид суралцах хугацаандаа хичээлийн ирцийг бүрэн хангаж, хэлний мэдлэгээ бодитоор дээшлүүлэхийн тулд багш, оюутнуудтай орос хэлээр идэвхтэй харилцаж, уншиж, бичих чадвараа хөгжүүлэх.
2. Оюутан бүр тухайн сургуулийн батлагдсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийн дагуу лекц, семинар, лабораторийн ажлуудад тасалдалгүй хамрагдах үүрэгтэй. Хичээлээс хоцрох, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээл таслах болон улирлын шалгалт (Зачет, Экзамен)-д хангалтгүй үнэлгээ авах нь сургуулиас хөөгдөх (Отчисление) үндэслэл болдог.
Жич: Сургуулиас хөөх шийдвэр гарсан тохиолдолд манай ЭСЯ сургуулийн уг шийдвэрийг өөрчлөх боломжгүй байдаг.
3. Сургуулийн харьяа дотуур байранд амьдарч буй оюутнууд байрны дотоод дүрэм, журам, аюулгүй байдлын зааварчилгаа болон орох, гарах цагийн хуваарийг чанд мөрдөнө. Дотуур байранд сахилгын болон ёс зүйн зөрчил гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг үйлдэл гаргавал байрнаас албадан гаргах хууль зүйн үндэслэл болохыг анхаарна уу.
4. ОХУ-ын нутаг дэвсгэр дэх гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр их, дээд сургуулийн өдрийн анги (үүнд хэлний бэлтгэл ангийн сонсогч хамаарахгүй)-ийн оюутнууд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр хичээлийн бус цагаар ажил хийхийг зөвшөөрсөн.
Ингэхдээ заавал ажил олгогч компанитайгаа албан ёсны Хөдөлмөрийн гэрээ (“Трудовой договор”)-г байгуулах ёстой. Ажил олгогч нь таныг оюутан гэдгийг батлах сургуулийн тодорхойлолтыг үндэслэн гэрээ байгуулах ёстой.
Харин оюутан албан ёсны зөвшөөрөлгүйгээр хувиараа ажил эрхлэх (ямар ч татвар, бүртгэлгүйгээр хувь хүмүүст туслах, гар дээрээс бэлэн мөнгөөр цалин авч ажиллах), онлайн худалдаа хийх (Wildberries, Ozon дээр хувиараа дэлгүүр нээж бараа зарах, хувь хүнээрээ бүртгүүлэн худалдаа хийх) нь хууль бус үйлдэлд тооцогдоно.
5. Гадаадаас болон цахим дэлгүүрээс олон улсын шуудангаар ОХУ-д хориглосон эм бэлдмэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл (жишээ нь, цахим тамхи/vape, нууц камер гэх мэт) захиалж авахгүй байхыг сануулъя. Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл эрсдэлтэй болохыг анхаарах.
6. Мөн ОХУ-ын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар цахим орчин (Facebook, Instagram, Telegram, Х болон бусад платформ)-д цэргийн тусгай ажиллагаатай холбоотой мэдээллийг түгээхийг хатуу хориглодог тул дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
• Цэргийн тусгай ажиллагаатай холбоотой мэдээлэл: ОХУ-ын зэвсэгт хүчин болон Украин дахь цэргийн тусгай ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэгийг цахим хуудсандаа нийтлэх, бусдын пост, мэдээллийг хуваалцах (repost/share хийх), сэтгэгдэл (comment) үлдээхгүй байх;
• Дрон болон цэргийн объектын дүрс бичлэг: Дроны нислэг, уналт, цэргийн анги нэгтгэл, стратегийн чухал объект (төмөр зам, гүүр, цахилгаан станц гэх мэт)-ын бичлэг хийх, зураг дарах, бичлэг, зураг, түгээх, бусдад дамжуулахгүй байх;
7. Олон улсын хориг арга хэмжээнүүдээс шалтгаалж гадны банкны картууд (Visa, Mastercard гэх мэт) ОХУ-д ажиллахгүй байгаа тул хилээр авч гарахыг зөвшөөрсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгө (доллар эсвэл рубль) авч явахгүй байх;
ОХУ-д ирсэн даруйдаа өөрийн паспорт болон оршин суух бүртгэлийн хуудсаар тус улсын дотоодын банк (Сбербанк, Т-Банк, ВТБ гэх мэт)-нд хандан Мир төлбөрийн картыг нээлгэж, өдөр тутмын тооцоогоо цахимаар хийх боломжтой.
8. Оюутнууд сурч буй хотоос өөр бүс нутаг руу зорчих тохиолдолд сургуулийнхаа Гадаад харилцааны хэлтэст урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авч байх нь зүйтэй.

Жич: Цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй авах, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс оюутнууд суралцаж буй сургуулиараа нэгдэн, Элчин сайдын яамны бүртгэл (oyunbileg@mfa.gov.mn хаягт хандан бүртгүүлэх)-д идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Оюутан Та сургалт, дотуур байр болон бусад асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах бол oyunbileg@mfa.gov.mn цахим хаягаар, эсвэл ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төв (ЭСЯ-ны 2 дугаар байрны 3 дугаар давхар)-д өөрийн биеэр ирж уулзах боломжтой.
Элчин сайдын яамны 2 дугаар байрны хаяг, утас: 121099, г. Москва, Спасопесковский пер., 7/1. Утас: +7 499 252-78-67, 241-15-48
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2026.07.31

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.