Оросын гимнастикчид олон улсын тэмцээнд улсынхаа туг, төрийн дуулалтай оролцох боломжтой боллоо
Олон улсын гимнастикийн холбооны (World Gymnastics) Гүйцэтгэх хорооноос Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд үндэснийхээ туг болон төрийн дуулалтай оролцохыг зөвшөөрлөө. Энэхүү шийдвэр нь энэ улирлын гол тэмцээнүүдийн бэлтгэл ажил ид өрнөж буй үед гарсан тул Оросын спортын салбарынхныг ихээхэн догдлуулж байна.
Европын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 13-наас 23-ны өдрүүдэд Хорватад, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 17-ноос 25-ны өдрүүдэд Роттердамд болох юм. Харин Хорватад болох тэмцээнд Оросын тамирчид төрийн дуулалтайгаа оролцож чадах эсэх нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгааг тавдугаар сарын 19-нд ТАСС агентлаг мэдээллээ.
Гэсэн хэдий ч өнөөгийн тамирчид, спортын алдартнууд, дасгалжуулагч болон мэргэжилтнүүд бүгд өөдрөг үзлээр дүүрэн байна. Тэд энэ олон жилийн тусгаарлагдмал байдалд өөдрөг байгаагүй бол үргэлжлүүлэн ажиллаж, ур чадвараа ахиулж чадахгүй байсан биз ээ.
“Бид үүнийг ямар удаан хүлээв ээ. Эцэст нь бүх зүйл байрандаа орлоо” гэж Дэлхийн гурван удаагийн аварга Ангелина Мельникова ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, үндэсний бэлгэ тэмдэгтэйгээ тэмцээнд оролцоно гэдэг бол “шал өөр мэдрэмж” бөгөөд Европын гимнастикийн холбоо (European Gymnastics) мөн Олон улсын холбооныхоо гаргасан энэхүү жишгийг дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Европын гимнастикийн холбооны хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлснээр, энэ асуудлыг хэлэлцэх Гүйцэтгэх хорооны хуралдаан яг энэ долоо хоногт болохоор товлогджээ.
Олимпын аварга Давид Белявский энэхүү шийдвэр нь баг хамт олонд маш том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
“Одоо багийн урам зориг төсөөлшгүй өндөр түвшинд хүрч, тамирчин бүр хоёр дахин, магадгүй гурван дахин их хүч чармайлтаар бэлтгэлээ хийх болно” гэж тэрбээр хэлээд трибунаас тугаа өргөх боломжтой болсон тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчиддээ баяр хүргэлээ.
Олимпын хоёр удаагийн аварга Лидия Иванова энэхүү шийдвэрийг “ухаалаг бөгөөд шударга” хэмээн нэрлээд, улс төржилт нь бүх талуудад адилхан хохирол учруулж байсныг онцлов.
“Манай спортын хүчирхэг гүрэн Олимпын наадамд оролцохгүй байсан нь Олимпын тэмцээнүүдийн үнэ цэнийг бууруулж байсан” гэж тэрбээр мэдэгджээ. Үүний зэрэгцээ Иванова шууд өндөр үр дүн хүлээх хэрэггүйг сануулаад, олон улсын тэмцээний урт хугацааны тасалдал нөлөөлөх нь гарцаагүй ч ирэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын гимнастикчид “өөрсдийгөө нэр төртэйгээр харуулж чадна” гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Валерий Алфосов үндэсний бэлгэ тэмдэг нь зөвхөн баярлах шалтгаан биш, харин маш өндөр хариуцлага гэдгийг онцоллоо.
“Бидэнд туг, төрийн дууллыг минь эргүүлж өгсөнд бид бүгд маш их баяртай байна. Эцэст нь энэ өдөр ирлээ. Энэ нь үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ? Мэдээж тугаа эргүүлэн авсан нь үр дүнд сайнаар нөлөөлж, тамирчдын хариуцлагыг улам нэмэгдүүлнэ. Эх орныхоо туг, төрийн дууллын дор өрсөлдөнө гэдэг бол нэр төрийн хэрэг юм” гэж тэрбээр ярьжээ.
Эх сурвалж: Оросын “ТАСС” мэдээллийн агентлаг