Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөл Оросын Олимпын хорооны эрхийг албан ёсоор сэргээх шийдвэр гаргалаа.
Үүний зэрэгцээ ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр гаргаж байсан Оросын тамирчдыг “төвийг сахисан” статустай оролцуулах, багийн спортын төрлүүдэд уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглох тухай зөвлөмж, шийдвэрээ цуцаллаа. Түүнчлэн Оросын тамирчдаас авдаг байсан төвийг сахисан байдлын бүх шалгалтыг зогсоож, ОХУ-ын нутаг дэвсгэрт олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрээ цуцалсан байна. Олон улсын тавцанд эргэн ирж буй тамирчдыг Оросын Допингийн эсрэг агентлаг (РУСАДА) бүрэн сэргэх хүртэл Олон улсын сорилын агентлаг (ITA) түр хугацаанд допингийн шинжилгээнд хамруулах бөгөөд энэхүү үйл ажиллагаа одоогоор эрчимтэй үргэлжилж байгаа аж.
Энэхүү шийдвэр нь ОХУ-ын Спортын яам болон Олимпын хорооноос тууштай хэрэгжүүлсэн хууль эрх зүй, дипломат ажиллагааны үр дүнд боломжтой болсон бөгөөд тус улс олимпын гэр бүлд эргэн ирсэн нь олон улсын спортын холбоод Оросын бүх тамирчдын эрхийг сэргээхэд “ногоон гэрэл” асч буй хэрэг юм. Спортын бүрэн бүтэн байдлыг сэргээх энэхүү үйл явцыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар хэрэгжүүлж байгааг эх сурвалж тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар олон улсын спортын 20 гаруй холбоо Оросын өсвөрийн тамирчдыг улсынхаа туг, төрийн дуулалтайгаар тэмцээнд оролцохыг зөвшөөрөөд байгаа бөгөөд 10 холбоо нь насанд хүрэгчдийн тамирчдыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр оролцуулж байна. ОУОХ-ны энэхүү шийдвэр нь дээрх үйл явцыг улам бүр хурдасгах юм.
Оросын шигшээ баг 2026 оны намар Сенегалд болох Өсвөрийн Олимпын наадамд өөрийн улсын туган дор оролцох, мөн 2028 онд АНУ-д зохион байгуулагдах Зуны Олимпын наадмын эрх авах тэмцээнүүд хүлээж байна. Цаашид олон улсын байгууллагуудад ОУОХ-ны уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд багагүй ажил хийгдэх шаардлагатай байгаа ч ОУОХ-ны зүгээс “Олимпын хөдөлгөөн улс төрөөс ангид байх ёстой” гэсэн тодорхой дохиог өглөө.