12:28
04.08.2026
Мягмар
ОХУ-ын ГХЯ: Тайланд руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг иргэддээ анхаарууллаа

Зураг: ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудаснаас

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас (ГХЯ) АНУ-ын хууль сахиулах байгууллага болон тусгай албадын хүсэлтээр Тайландын нутаг дэвсгэрт саатуулагдах, баривчлагдах өндөр эрсдэлтэй байгаа тул Оросын иргэдийг тус улс руу аялал жуулчлал болон бизнесийн зорилгоор зорчихдоо туйлын сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Энэ тухай тус улсын дипломат албаны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Мэдээлэлд “Харамсалтай нь, Оросын жуулчдын дунд түгээмэл, манай улстай найрсаг харилцаатай энэ улс Вашингтоноос Оросын иргэдийн эсрэг өрнүүлж буй жинхэнэ “ангуучлал”-ын талбар хэвээр байна. Энэхүү буруу жишиг 2008 онд АНУ-ын хүсэлтээр бизнес эрхлэгч В.А. Бутыг баривчилснаар эхэлсэн бөгөөд түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгч, улмаар арван гаруй жил шоронд хоригдсон юм” гэж дурджээ.

АНУ-ын тал Тайландын эрх баригчдыг үл харгалзан, ямар нэгэн байдлаар хараандаа өртсөн Оросын иргэдийг “баривчлах” тусгай ажиллагааг эрс шийдэмгий явуулж байгааг ГХЯ онцолсон байна. Баривчлагдсан хүмүүсийн олонх нь АНУ-ын тусгай албадын зүгээс заналхийлэл, айлган сүрдүүлэг, буруугаа хүлээхийг тулгасан сэтгэл зүйн дарамт шахалттай тулгардаг аж.

Мөн мэдэгдэлд: “Вашингтоны цээрлүүлэлтийн эрүүгийн эрх зүйн механизм Тусгай цэргийн ажиллагаа эхэлснээс хойш улам бүр эрчимжиж байна. Манай улсын эдийн засгийн стратегийн салбаруудын эсрэг чиглэсэн олон тооны экстерриториал (хил дамнасан) хориг арга хэмжээ авч буй энэ үед олон оросууд өөрсдөө ч мэдэлгүй Америкийн талын хараанд өртөх эрсдэлтэй байна” гэжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын ГХЯ-наас Америкийн эрх баригчдын зүгээс эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүй гэх өчүүхэн ч болов үндэслэл, сэжиг байгаа иргэдийг АНУ-тай шилжүүлэн өгөх хоёр талт гэрээтэй Тайланд улс руу зорчихоос татгалзах, мөн тус улсын нисэх онгоцны буудлуудаар дамжин өнгөрөхгүй байхыг эрс анхааруулав.

Түүнчлэн гадаад улс оронд зорчихдоо ОХУ-ын ГХЯ-ны хилийн чанад дахь төлөөлөгчийн газруудын хаяг, холбоо барих мэдээллийг бэлэн байлгахыг зөвлөсөн байна. Оросын дипломат болон консулын ажилтнууд хүнд байдалд орсон элэг нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалахад боломжит бүхий л тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх болно гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудас

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.