20:56
16.05.2026
Бямба
Морины уралдаан, гоо бүсгүйн тэмцээн: Забайкалийн төлөөлөгчид «Алтаргана» наадмын бэлтгэлээ базааж байна
Улаан-Үд хотноо болох Олон улсын «Алтаргана» XVI наадамд оролцох Забайкалийн хязгаарын төлөөлөгчдийг бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан Агийн Буриадын тойргийн захиргаанд тавдугаар сарын 15-ны өдөр боллоо. Энэ жилийн наадам ирэх долдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Буриад улсын нийслэлд зохион байгуулагдах бөгөөд ОХУ-ын бүс нутгууд болон хилийн чанад дахь элэг нэгтнүүдийг нэгтгэх юм.
Хурлыг нээж Забайкалийн хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч, Агийн Буриадын тойргийн захиргааны тэргүүн Ананда Дондоков үг хэлэхдээ тус наадмын ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Тэрбээр, «Алтаргана наадам нь Оросын бүс нутгууд болон хилийн чанад дахь элэг нэгтнүүдийн хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, шинэ авьяастнуудыг тодруулах, эв нэгдэл, бүтээлч эрч хүчний уур амьсгалыг бүрдүүлэхэд төрийн болон нийгмийн чухал үүрэг гүйцэтгэдэг» хэмээн онцоллоо.
Урлаг соёл, өв уламжлал
Агийн тойргийн захиргааны орлогч дарга Цыцыгма Найданова тэмцээн уралдааны бэлтгэл ажлын явцыг танилцуулав. Өдгөө тус хязгаараас бүтээлч, соёлын 18 төрлийн тэмцээнд оролцох оролцогчдыг бэлтгэж байна. Тухайлбал, «Торгон зам» (дизайнер, загвар зохион бүтээгчдийн тэмцээн), «Дангина» (гоо бүсгүйн тэмцээн), «Буриадын нэг өдөр» (ардын аман зохиолын хамтлагуудын уралдаан), мөн ардын болон эстрад дууны тэмцээнүүдийн урьдчилсан шатны хаалттай үзүүлбэрүүдийн тов гарчээ. Үүнээс гадна Забайкалийн төлөөлөгчдийн баярын жагсаалын үзэл баримтлалыг боловсруулж, «Алтаргана-2024» наадмын түүхэн товчоон болон энэ жилийн наадмын оролцогчдын каталогийг хэвлүүлэхээр бэлтгэж байна.
Үндэсний спорт ба морины уралдаан
Өдгөө үндэсний спортын төрлүүдийн сорилго тэмцээнүүд шувтарч байна. Янгажин дацангийн цэнгэлдэх хүрээлэнд болох морины уралдаан нийт 12 зайд явагдах бөгөөд Агийн хүлэг баатар, уяачид бүх зайд хурд хүчээ сорино. Хүлэг морьдоо тухайн газрын цаг уур, нөхцөлд дасгах үүднээс уяачид наадмын талбар руу хугацаанаас нь өмнө хөдлөхөөр төлөвлөжээ.
Мөн Агийн тойргийн захиргааны орлогч дарга Зоригто Дугаров төлөөлөгчдийн тээвэр болон Улаан-Үд хот дахь зочид буудал, байрны захиалга бэлэн болсон талаар илтгэв. Оролцогчид болон зочдын тав тухыг хангах үүднээс зорчих, байрлах бүх зохион байгуулалтын асуудлыг хяналтад авсан байна.
Үе залгамжлах хэл, соёл
ОХУ-ын Холбооны Хурлын Сенатор Баир Жамсуев хэлсэн үгэндээ, «Алтаргана» наадам нь үндэсний соёл, спортыг хөгжүүлэх хосгүй талбар болж буйг тэмдэглэв. Үндэсний хувцас, эх хэл, зан заншил нь хүн бүрийн, ялангуяа залуу хойч үеийн бахархал болж, ирээдүйд өвөрмөц ижилсэл (идентичность)-ээ хадгалан үлдэх, үе үеийн залгамж холбоог хангах баталгаа болж байгааг тэрбээр онцоллоо.
Сенатор наадмыг зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа биш, харин соёл, спорт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хоёр жилийн системтэй ажил гэдгийг дурдсан юм.
«Улаан-Үд хотод ажиллаж, амьдарч буй нутгийн зон олонтой уулзахаас гадна тэднийг зохион байгуулалтын ажилд татан оролцуулах хэрэгтэй. Төрөл бүрийн тооцооллоор Буриадын нийслэлд Агийн тойргоос гаралтай 20 гаруй мянган иргэн амьдардаг. Энэ бол маш том хүч, том дэмжлэг юм»хэмээн Б.Жамсуев хэлэв.
Түүнчлэн сенатор баярын жагсаалд онцгой ач холбогдол өгөхийг зөвлөв. Жагсаалын цуваанд хүндэтгэт иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, хөдөлмөрийн ахмад зүтгэлтнүүд болон залуучуудын төлөөллийг тэгш оролцуулах шаардлагатайг сануулав. Түүнчлэн төлөөлөгчдийн эв нэгдэл, хамтын хүчийг илтгэхийн тулд хувцаслалтын нэгдсэн хэв маяг, өнгө төрхийг бүрдүүлэхэд анхаарахыг зөвлөсөн байна.
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.