Улаанбаатар хотын төвийн хоёр дүүргийн 5 мянган өрх Оросын шингэрүүлсэн хийг ахуйн хэрэглээндээ ашиглаж эхэллээ. Энэ талаар Агаарын охирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны дүнд үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн албанаас ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
«Монгол Улсын нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2026 оны долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872 өрх, Чингэлтэй дүүргийн 4 128 өрх, нийт 5 мянга орчим өрхийг ОХУ-аас нийлүүлж буй шингэрүүлсэн хийн халаалтын системд бүрэн шилжүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах “ногоон бүс”-эд багтах таван дүүргийн 51 080 өрх 2026 оны эцэс гэхэд хийн халаалтад шилжих юм» хэмээн нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт хамрагдаж буй өрхүүд байшингаа бүрэн дулаалсан тохиолдолд хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суулгаж өгөх талаар өмнө нь мэдээлж байсан юм. Түүнчлэн 2026 оны есдүгээр сарын 15-наас 2027 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх халаалтын улиралд эдгээр өрхөд ашигласан хийн төлбөрөөс нь 900 мянган төгрөгийн (252 гаруй ам.доллар) хөнгөлөлт үзүүлэх аж. Иймд заасан бүсчлэлд амьдарч буй, хийн халаалтад шилжих хүсэлтэй иргэдийг харьяа дүүргийнхээ ЗДТГ-т хүсэлтээ гаргахыг уриалж байна.
2025 оны наймдугаар сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Амарбаясгалангийн Баяр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Васильев болон Иркутскийн нефтийн компанийн төлөөлөгч Никита Поздняков нартай уулзаж, Улаанбаатар хотын гэр хорооллыг 2028 он хүртэл үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байв.
Нийслэлийн Агаарын чанарын хяналтын газрын мэдээгээр, гэр хорооллын 171 976 өрх хотын агаарын бохирдлын 55.6 хувийг үүсгэдэг бөгөөд хийн түлш хэрэглэснээр утааг 10-12 хувиар бууруулах боломжтойг онцоллоо. Монгол Улсын 3.5 сая гаруй иргэний бараг тэн хагас нь нийслэлдээ амьдардаг бөгөөд 2001 оноос хойш хөдөөнөөс шилжин ирэгсдийн хөдөлгөөнөөс үүдэж хүн ам нь жилд дунджаар 68 мянгаар нэмэгдэж байна. Шилжин ирэгсэд ихэвчлэн дэд бүтэцгүй, зөвшөөрөлгүй бүсэд гэрээ барин суурьшдаг юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 46 хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнээс үүдэн түүхий нүүрс, сайжруулсан түлш болон бусад зүйлийг шатаахад гарах агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгосон түвшнээс 8-14 дахин өндөр байгаа юм.
ДЭМБ-ын үнэлгээгээр Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн агаар бохирдолтой 10 хотын тоонд ордог бөгөөд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Монгол орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан халаалтын улирал есдүгээр сараас эхэлж тавдугаар сард дуусдаг бөгөөд өвлийн цагт агаарын температура -40 хэм хүртэл буурдаг билээ.
Эх сурвалж: агентлаг «ТАСС»