Улаанбаатар хотноо болж буй Олон улсын монголч эрдэмтний 13 дугаар их хуралд дэлхийн 30 гаруй орны 500 гаруй судлаач, эрдэмтэд оролцож байна. Тэдний нэг нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетын Монгол, төвөд судлалын тэнхимийн багш, доктор, профессор Мария Павловна Петрова юм. Тэрбээр монгол хэл, уран зохиолоор дагнан судалгаа хийж, энэ чиглэлээр 30 гаруй жил багшилж байна. Монгол судлалд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан түүнтэй уулзаж ярилцлаа.
-Та 30 гаруй жил Санкт-Петербургийн их сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Орост монгол хэл, уран зохиолыг хэр сонирхож байна. Танай их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимд монгол судлалаар хэчнээн оюутан суралцдаг вэ?
-Өнөөгийн байдлаар манай их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимд 15-20 оюутан бакалавраар суралцаж байна. Бид монгол болон төвөд хэл, уран зохиол, түүх, шашин судлал зэрэг чиглэлээр сургадаг. Бакалавраа амжилттай төгссөн оюутнууд энэ чиглэлээр магистрантурт үргэлжүүлэн суралцдаг. Монгол хэл, уран зохиол, түүх зэрэг чиглэлээр суралцаж байгаа манай оюутнууд анхнаасаа л энэ чиглэлээр сурч ажиллана гэсэн тууштай эрмэлзэлтэй байдаг. Тиймээс ч Санкт-Петербургийн их сургууль нь энэ чиглэлээр сайн боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг гэдгийг тодотгомоор байна.
-Та бол монгол хэл, тэр дундаа монголын уран зохиолоор дагнасан багш төдийгүй судлаач. Монголын эртний болон орчин үеийн уран зохиолоор мэргэшсэн. Манай орчин үеийн уран зохиолын хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Би бол нэрт монгол судлаач, профессор Людмила Константиновна Герасимовагийн шавь. Багш маань Санкт-Петербургийн их сургуулийн монгол хэл, уран зохиол судлалын тулгын чулууг тавьсан хүн. Багш маань “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1921-1964 оны уран зохиол”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1965-1985 оны уран зохиол”, “Монголын шүлгүүд”, “Цэндийн Дамдинсүрэнгийн уран бүтээл” зэрэг олон бүтээл туурвисан. Би багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж “Монголын уран зохиолын цогц судлал” зэрэг нэлээд хэдэн ном бичсэн. Ер нь бол тодорхой ямар нэгэн зохиолчийг бус ерөнхийд нь Монголын уран зохиолыг судалдаг.
-Манай орчин үеийн зохиолчдын бүтээлийн онцлог нь юу вэ?
-1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын уран зохиол социалист реализмаас татгалзаж шинэ хэв маягт орсон. Нэрт монгол судлаачид болох Лидия Григорьевна Скородумова, Клара Николаевна Яцковская нар судалгааныхаа бүтээлд энэ талаар дурдсан байдаг. Монголын орчин үеийн уран зохиол өдгөө хэдэн чиглэлээр хөгжиж байна гэж би үздэг. Жишээ нь, реализм нэлээд эрчтэй хөгжиж байгаагаас гадна яруу найраг, жүжгийн зохиол, модернизм, пост модернизм чиглэлийг дурдмаар байна.
-Миний мэдэж байгаагаар, та орчин үеийн Монголын зохиолчдын бүтээлээс тухайлбал, зохиолч Г.Аюурзанын хэд хэдэн бүтээлийг орос руу орчуулсан…
-Өнөөгийн Монголын зохиолчид маш өргөн хүрээг хамарсан бүтээлүүд туурвих болсон. Жишээ нь Чингис хааны тухай, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн талаар маш олон бүтээл туурвисан. Мөн зохиолын хэв маяг өөр болсон. Жишээ нь зохиолч Г.Аюурзанын “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” буюу “Гурамсан цадиг” нь пост модернист бүтээл. Энэхүү гурамсан романы гол баатар нь нэг хүн. Тэрбээр цаг хугацаа, орон зайн хувьд өөр өөр газар байгаагаар харуулсан. Үйл явдал нь Монголд, Орост, Өвөр Монголд өрнөж байх жишээтэй.
-Зохиолч Г.Аюурзана бол Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг төгссөн. Тухайлбал, түүний бүтээлд Оросын уран зохиолын нөлөө хэр байдаг гэж та үздэг вэ?
-Зохиолч Г.Аюурзана, Монголын орчуулагчдын холбооны тэргүүн О.Чинбаяр нар Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд цуг сурч, багш нараасаа маш ихийг сурсан. Г.Аюурзанын бүтээлийн хувьд гэвэл Оросын орчин үеийн зохиолч Виктор Пелевин, Анатолий Платонов нарын бүтээлүүд түүнд нөлөөлсөн гэж би боддог.
-1980-аад онд Зөвлөлтөд “Монголын зохиолчдын түүвэр” нэртэй ном хэвлэгдсэн. Сүүлийн үед та Монголын зохиолчдын ямар бүтээлийг орчуулсан бэ?
-Хамгийн сүүлд Орост хэвлэгдсэн бүтээл гэвэл орчуулагч О.Чинбаярын “Монголын уран зохиолын түүвэр”. Түүнд орсон хэд хэдэн бүтээлийг би орос хэл рүү хөрвүүлсэн. Ер нь бол сүүлийн хоёр жилд орос хэл рүү орчуулагдсан бүтээлүүд интернэтэд л тавигдсан. Заримдаа манай оюутнуудын орчуулга хэвлэгддэг. Манай оюутнууд Монголын орчин үеийн зохиолчдын бүтээлүүдээс орос хэлнээ хөрвүүлсээр байгаа. Жишээ нь, Санкт-Петербург хотын соёлын хорооноос, Монголын орчуулагчдын холбооноос зарладаг уралдаанд идэвхтэй оролцдог.
Өнгөрсөн жилийн орчуулгын уралдаанд зохиолч Данзангийн Нямаагийн шүлгүүдийн орчуулгаар манай сургуулийг төгссөн Анна Марченко оролцож тэргүүн байрын шагналыг хүртсэн. Уг уралдаанд Данзангийн Нямаагийн шүлгүүдийг 20-иод орчуулга ирүүлсэн байснаас Анна Марченкогийн бүтээл шилдгээр тодорсон.
-Та сүүлийн жилүүдэд монголч эрдэмтний их хурлуудад байнга оролцож байгаа. Энэ удаагийн их хурлын онцлог нь юу вэ?
-Өмнөх их хурлуудад ийм олон орноос монголч эрдэмтэд оролцож байгаагүй гэдгийг хэлмээр байна. Энд залуу монгол судлаачидтай танилцаж, тэдний юу сонирхож байгаа, монгол судлалын ямар шинэ чиглэлээр судалгаа хийж байгааг мэдэж авах завшаан тохиосонд маш их баяртай байна. Монголын уран зохиол судлалын чиглэлээр ажиллаж байгаа шинэ залуустай танилцсан нь маш сайхан санагдлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ