21:23
13.05.2026
Лхагва
Хятад, Оросын харилцааны хөгжилд түүхэн шинэ боломжууд нээгдэж байна – БНХАУ-ын Гадаад хэргийн яам
13.05.26 17:43

2026 онд Хятад, Оросын харилцааны хөгжилд түүхэн шинэ боломжууд нээгдэж байна. Хятад улс Орос улстай хамтран бүхий л салбарын хамтын ажиллагааг тууштай бэхжүүлж, дэлхийн засаглалын илүү шударга, зүй зохистой тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Го Жякунь ийнхүү мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын (5 дугаар сарын 9) дараах хэвлэлийн бага хурал дээр Орос, Хятадын харилцан ажиллагааг олон улсын харилцааг тогтворжуулагч хамгийн чухал хүчин зүйл хэмээн нэрлэсэнтэй холбогдуулан Го Жякунь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дээрх тайлбарыг хийсэн байна.

Дипломат төлөөлөгч тэмдэглэхдээ, энэ жил Хятад, Оросын стратегийн харилцан ажиллагаа, түншлэлийн харилцаа тогтоосны 30 жил, Хятад-Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааны жилүүд эхэлж буйг онцоллоо. Хятад улс Орос улстай хамтдаа мөнхийн сайн хөршийн ёс, бүх талын стратегийн харилцан ажиллагаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл санааг үргэлжлүүлэн баримтлахад бэлэн байна гэж Го Жякунь мэдэгдэв.

Түүнчлэн Го Жякунь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага дор Хятад, Оросын харилцаа хөгжлийн өндөр түвшинг хадгалж, хувьсан өөрчлөгдөж буй тогтворгүй дэлхий ертөнцөд томоохон тогтвортой байдлыг авчирч байна гэв.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.