Хий экспортлогч орнуудын форумын /ФСЭГ/ дээд хэмжээний уулзалтад оролцогчид тус уулзалтын дүнгээр Москвагийн тунхаглалыг гаргалаа.
Тунхаглалын бичвэрийг оролцогч улсуудтай урьдчилан зөвшилцсөн гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолын үеэр мэдэгдэв.
Кремлийн ордны цахим хуудсанд бичсэнээр, форумд оролцогч орнууд хийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах, хийн дэд бүтцүүдийг хамгаалах, прагматик, шударга, тэнцвэртэй байдлаар нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчинд шилжихийн тулд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах асуудлаар зөвлөлдөөнөө өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Түүнчлэн форумд оролцогчид байгалийн хийн хэрэглээг тогтвортой өсгөх, тус салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах замаар түүний экологийн давуу талуудыг бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Тунхаглалд улс орнуудын байгалийн баялгаа зарцуулах “үнэмлэхүй, хувиршгүй бүрэн эрх”-ийг онцлон тэмдэглэжээ. Мөн уг баримт бичигт геополитикийн үйл явдлууд, ялангуяа Ойрх Дорнодод болж буй үйл явдал нь дэлхийн хийн зах зээлд нөлөөлж байгаад гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн нэг талын хориг арга хэмжээг эрс эсэргүүцэж, тарифын арга хэмжээний үр дагаварт санаа зовж байгаагаа илэрхийллээ.
Хий экспортлогч орнуудын форумын бүрэлдэхүүнд ОХУ, Алжир, Боливи, Венесуэл, Египет, Иран, Катар, Ливи, Нигери, Тринидад ба Тобаго, Экваторын Гвиней, АНЭУ багтдаг. Мөн Ангол, Азербайжан, Ирак, Малайз, Мавритани, Мозамбик, Перу, Сенегал гэсэн 8 улс ажиглагчийн статустай.
Энэ удаагийн саммитад Туркменистан, ӨАБНУ-ын төлөөлөгчид уригдан оролцжээ.
Эх сурвалж: ANADOLU