Олон улсын хүнд атлетикийн холбооны /IWF/ Гүйцэтгэх зөвлөлийн ням гарагт болсон хуралдаанаар 2030 оны ДАШТ-ийг Москва хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр Орос улс 2022 оноос хойш анх удаагаа Олимпын төрлөөр дэлхийн түвшний тэмцээнийг зохион байгуулах эрхийг авлаа. Мөн IWF холбоо нь 2022 оны хоёрдугаар сараас хойших хугацаанд Орос улсад олон улсын тэмцээн явуулах эрхийг өгсөн анхны олон улсын холбоо болж байна.
Түүнчлэн 2029 оны ДАШТ-ийг Энэтхэгийн Ахмадабад хотод зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн хүндийг өргөлтийн өсвөрийн болон залуучуудын ДАШТ-үүдийг Косовогийн Приштина, Венесуэлийн Каракас хотуудад явуулахаар болсон байна.
Москвад ДАШТ-ийг зохион байгуулах шийдвэрийг танилцуулсны дараа Оросын хүнд атлетикийн холбооны ерөнхийлөгч Александр Винокуров “итгэл үзүүлсэн явдалд” IWF-д талархал илэрхийлээд, ДАШТ-2030 нь 2032 оны Олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдийн нэг болохыг онцоллоо.
Олон улсын Олимпын хорооноос энэ оны долоодугаар сард Оросын Олимпын хорооны эрхийг сэргээсний сацуу Оросын тамирчдад тавьсан хоригоо цуцлах, тэднийг Лос-Анжелес-2028 Олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдэд оролцуулахыг олон улсын спортын холбоодод уриалсны дараа IWF ийнхүү шийдвэрээ гаргалаа.
Өмнө нь энэ оны зургаадугаар сард IWF Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригоо бүрэн цуцалсан юм.
Эх сурвалж: DW