05:09
18.06.2026
Пүрэв
Гашуунсухайт-Ганьцимаоду боомтын ачаа эргэлт 4 сарын дотор 53.4%-иар өсжээ

​БНХАУ-ын Өвөр Монголын Ганьцимаоду (Монголын Гашуунсухайт боомтын эсрэг тал) боомтын ачаа эргэлт 2026 оны эхний дөрвөн сард 18.391 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 53.4%-иар огцом өслөө. Энэ нь Өвөр Монголын хуурай замын 14 боомтын нийт ачаа эргэлтийн гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт болохыг “Синьхуа” агентлаг “Нэймэнгу жибао” сонины мэдээллээс эш татан уламжлав.

​Ганьцимаоду нь Хятад улсдаа ачаа тээврийн эргэлтээр хамгийн томоохонд тооцогддог автомашины боомт бөгөөд Монгол Улсаас нүүрс, зэсийн баяжмал, манганы хүдэр болон бусад түүхий эдийг импортолдог эрчим хүчний гол коридор юм. Харин Хятадын талаас тус боомтоор дамжуулан Монгол Улс руу уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машинууд, барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон экологийн цэвэр цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг байна.
​Орон нутгийн гаалийн байгууллагын зүгээс энэ оны эхнээс “ухаалаг боомт” болон “ухаалаг гааль”-ийн нэгдсэн хөгжлийг гүнзгийрүүлж, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтын ухаалаг системийг нэвтрүүлж эхэлжээ.
​Мөн Хятад, Монгол хоёр улс “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” (АЕО)-ийн статусыг харилцан хүлээн зөвшөөрснөөр тээврийн хэрэгслийг дараалалгүй нэвтрүүлэх, ачаа тээвэрт хийх шалгалтын давтамжийг цөөрүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж байгаа юм.
​Одоогийн байдлаар Ганьцимаоду боомтыг Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт өртөөтэй холбох Хятад-Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын барилгын ажил бүрэн эрчтэй үргэлжлүүлж байна.
​Нийт 9.91 км урттай Ганьцимаоду — Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил 2025 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжиж дууссанаар тус замаар тээвэрлэх ачааны хэмжээ жилд 30 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Өвөр Монголын Ганьцимаоду — Ваньшуйцюань (Бугат хот) чиглэлийн төмөр замыг Монгол Улсын төмөр замын гол магистральтай холбоод зогсохгүй, хоёр улсын худалдааны цар хүрээг өргөжүүлж, дэд бүтэц болон эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
​Эх сурвалж: “Синьхуа” агентлаг
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.