22:24
01.08.2026
Бямба
Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг ярилцав
31.07.26 20:38

Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны яамд хоорондын V зөвлөлдөх уулзалтыг Японы эртний түүхт Камакүра хотноо долоодугаар сарын 30-нд зохион байгууллаа.

Стратегийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, японы талаас Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Х.Намазү нар тэргүүлж оролцов.

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Амартүвшин Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлэв.

Талууд ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалтаар Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр  улсын харилцаа, ард түмнүүдийн ойр дотно байдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Японы Цог жавхлант Эзэн Хаан Эрхэм дээд Хатны хамт Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нэн чухал байсныг онцлон тэмдэглэв.

Мөн түншлэлийн үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг дэс дараатай хэрэгжүүлэх, улмаар цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, бүс нутаг болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцов.

Түүнчлэн 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, ойг угтан хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоо зэрэг бүхий л чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.