02:48
05.06.2026
Баасан
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр үүрэг өглөө
03.06.26 13:45

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа.

Тус албан даалгавраар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, иргэн төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхийг үүрэг болгосон талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод болон гадаад орчны эрсдэлийг бууруулах, “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн албан даалгаврын хэрэгжилтэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг улирал тутам ЭМЯ-нд хүргүүлж ажиллах аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.