17:24
25.05.2026
Даваа
Читад болсон Олон улсын кино наадамд Монгол найруулагчийн бүтээл онцгойрлоо

ОХУ-ын Чита хотноо Забайкалийн олон улсын кино наадам (ЗОУКН) 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хөшгөө хаалаа. Энэ жилийн наадмыг зохион байгуулагчид уран бүтээлийн сонголтодоо хүмүүнлэгийн нэгдэл, хүний дотоод сэтгэлийн нандин чанар, ёс суртахуун болон уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг тусгасан кинонуудыг голчлон онцолсон байна.

​Наадмын газар зүйн хамрах хүрээ энэ жил нэлээд өргөн байлаа. Тодруулбал, Монгол, Хятад, Сингапур, Турк, Унгар, Франц, Их Британи, Бангладеш, Вьетнам, АНУ, Япон, Герман, Чех зэрэг олон орны уран бүтээлчид оролцсон юм. Наадмын гол онцлог нь зөвхөн Оросын төдийгүй, гадаадын нэртэй найруулагч, жүжигчид хүрэлцэн ирж, кино үзвэрийн дараа үзэгчидтэй нээлттэй ярилцлага өрнүүлэн, өөрсдийн уран бүтээлийн замналын талаар хуваалцсанд оршиж байв.
​Б.Бямбасүрэн: “Бид түүхийг гуйвуулах эрхгүй, үнэнийг хойч үедээ үлдээх ёстой”
​Энэхүү нэр хүндтэй наадамд Монгол Улсыг төлөөлөн найруулагч Батдэлгэрийн Бямбасүрэн оролцож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхийг өгүүлэх, олны танил “Татар” хамтлагийн тухай өгүүлсэн уран сайхны кинотоороо (18+) Забайкалийн үзэгчдийн хүртээл болголоо.
​Чита хотод анх удаа зочилж буй найруулагч наадмын зохион байгуулалт өндөр түвшинд болсныг дурдаад, үзэгчдийн халуун дулаан уур амьсгалыг өндөр сэтгэгдэлтэйгээр онцолсон юм. Түүнчлэн тэрбээр өнөөдөр Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж, олон улсын А зэрэглэлийн наадмуудад амжилттай оролцон, тэргүүн байруудыг эзлэх болсныг тэмдэглэлээ.
​Лавлах баримт: Найруулагч Б.Бямбасүрэн нь өдгөө зургаан бүрэн хэмжээний кино найруулсан туршлагатай уран бүтээлч юм. Түүний “Татар” уран сайхны кино нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Москва хотноо болсон урьдчилсан шалгаруулалтад ирсэн 2,500 гаруй бүтээлээс шилдэг 12 киноны нэгээр шалгарч байжээ.
Түүхэн ойр харилцаа ба шинэ төсөл
​Барууны орнуудын зүгээс Орос, Монголын ард түмний харилцааг хөндийрүүлэх гэсэн оролдлогуудын талаар сэтгүүлчийн асуултад найруулагч хариулахдаа, хоёр орны ард түмнийг эртнээс зузаан түүхтэй, ахан дүүсийн харилцаатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний өмнөх уран бүтээлүүдийн нэг нь Халхын голын байлдааны түүхт үйл явдал буюу Зөвлөлт-Монголын дайчид хамтран Японы түрэмгийллийг няцаасан түүхийг өгүүлдэг байна.
​Өдгөө найруулагч Б.Бямбасүрэн Оросын талтай хамтарсан Дэлхийн хоёрдугаар дайны сэдэвтэй шинэ кино төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сараас жүжигчдийн сонгон шалгаруулалтыг Чита хотод ч мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.
​”Бидэнд түүхийг өөрчлөх, гуйвуулах эрх байхгүй. Бидний гол зорилго бол түүхэн үйл явдлуудыг яг байсанар нь үнэн зөвөөр харуулж, энэхүү түүхийн үнэнийг үзэгчдэдээ хүргэх явдал юм” хэмээн Монгол найруулагч ярилцлагынхаа төгсгөлд онцлон хэллээ.
​Эх сурвалж (Фото, видео): “Восточное время” цахим сэтгүүл

“Забайкальский международный кинофестиваль “

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.