18:22
22.06.2026
Даваа
Буриад улс Монгол, БНСУ-тай аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
20.06.26 22:55

Зургаадугаар сарын 18-нд Улаан-Үд хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны бүс нутгуудын холбоо (АРАССВА)-ны хүрээнд Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов Монгол Улсын Хөвсгөл аймгийн төлөөлөгчид болон БНСУ-ын төлөөлөгчидтэй тус тус уулзалт хийлээ.

Монголын талтай хийсэн уулзалтаар:
• “Монды” хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. ОХУ-ын Тээврийн яам тус боомтыг шинэчлэхэд 3 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Шинэчлэлийн дараа боомт олон улсын статустай болох бөгөөд үүнээс өмнө ч суудлын автомашины хөдөлгөөнийг түргэсгэх шийдлүүдийг эрэлхийлж байгаа аж.
• “Байгаль нуур – Хөвсгөл нуур” аялал жуулчлалын маршрутыг хамтран хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх талаар санал солилцов.
• Соёлын салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ.

БНСУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаар:
• Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал тариалах, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.
• Улаан-Үд–Сөүл чиглэлийн шууд нислэг нээх хэтийн төлөвийн талаар ярилцсан бөгөөд эхний ээлжид чартер нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж.
• БНСУ-ын аялал жуулчлалын компаниуд болон аяллын блогеруудыг Буриадад урьж ажиллуулах санал тавьжээ. Харин Солонгосын тал Буриадын төлөөлөгчдийг 2026 оны арваннэгдүгээр сард болох Поханы олон улсын салютын наадамд рьсан байна.

Буриад улс 2026–2027 онд АРАССВА холбоог тэргүүлэх бүс нутаг болж байгаа нь Азийн орнуудтай эдийн засаг, аялал жуулчлал, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Эх сурвалж: Буриадын Бүгд Найрамдах Улсын Хэвлэл мэдээллийн төв 

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.