ОХУ-ын Забайкальский хязгаарын Красный Чикой тосгонд зохион байгуулагдах “Семейская круговая” наадмын хүрээнд анх удаа болох “Нөхдийн хүрээлэлд” (0+) нэгдсэн тоглолтод БНХАУ, Забайкалийн буриад, казак болон бусад үндэстэн ястны уран бүтээлчид оролцохоор төлөвлөж байна. Энэ тухай Забайкальский хязгаарын Соёл, ардын урлагийн сургалт-арга зүйн төвийн Уламжлалт соёлын хэлтсийн арга зүйч Татьяна Рязанцевагийн мэдээллээс эш татан “Культура 75” цахим хуудсанд мэдээллээ.
Уламжлалт наадам ирэх наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
“Бид «Нөхдийн хүрээлэлд» тоглолтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээ нь ОХУ-ын Ард түмнүүдийн эв нэгдлийн жилд зориулагдаж буйгаараа онцлог юм. Тоглолтын үеэр зочид казак, буриад ардын дууг сонсохоос гадна өөр өөр үндэстний бүжиг, хореографийн урлагтай танилцах боломжтой. Энэ удаагийн наадмын гол онцлог нь БНХАУ-ын Бээжин хотоос ирэх зочдын тоглолт байна гэж найдаж байна. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсаас уран бүтээлчдийг урихаар төлөвлөж байна” хэмээн арга зүйч тодотгов.
Энэ жилийн наадмын бас нэгэн шинэ талбар нь “Найрамдлын амт” (0+) гастрономийн бүс байх бөгөөд үүгээр Забайкалид амьдран суудаг олон үндэстэн ястны төлөөллүүд өөрсдийн үндэсний хоол хүнсийг дээжлэн толилуулах ажээ.
Түүнчлэн “Семейская круговая” наадмын үеэр арьс шир, торгомсог нэхмэл, анхилуун өвс ургамал болон бусад материалаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна. Мөн нэхмэл урлал, утас ээрэх мастер-классууд зохион байгуулагдаж, зочид баян хуур (гармонь) хөгжмийн аян дор орос ардын хошин дуу (частушка) дуулж, семейүүдийн дуу хуурын соёлтой танилцах боломжтой.
“Семейская круговая” наадмыг анх 2012 онд Красный Чикой тосгонд зохион байгуулж байсан бөгөөд үүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа уламжлал болгон зохиож байна. Наадмын гол зорилго нь семейүүд буюу хуучин шүтлэгтнүүдийн (старообрядцы) соёл, ахуй амьдрал, гал тогоог сурталчлан таниулахад оршдог. (Семейүүд нь XVIII зуунд Польш-Литвийн хамтын нөхөрлөлийг (Речь Посполитая) хуваах үеэр Хаант Оросын засгийн газраас Забайкаль болон Буриад руу албадан цөлсөн оросуудын үр хойчис юм. Тэд гэр бүлээрээ нүүдэллэн ирж, бусдаас тусгаарлагдмал, хаалттай амьдардаг байснаас ийнхүү «семейские» буюу гэр бүлийнхэн гэж нэрлэгдэх болжээ).
Ташрамд дурдахад, 2024 оны наадмын үеэр зочид тус наадмыг үндэслэгч Татьяна Зенковагийн дурсгалд зориулсан жүжгийг үзэж сонирхсон бөгөөд Красный Чикой тосгоны төв гудамжаар зугаалж, хушны самарнаас гаргаж авсан амттануудыг амтархан, семейүүдийн эртний ахуйн амьдралын сэргээн дүрслэлтэй танилцаж байсан юм.
Эх сурвалж: “Культура 75” (Гэрэл зургийг: Юлия Скорнякова)