04:38
07.07.2026
Мягмар
БНХАУ-ын Төрийн зөвлөл 2030 он хүртэлх “Үзэсгэлэнт Хятад орон” бүтээн байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа
05.07.26 22:30

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хугацаанд (2026-2030 он) хэрэгжүүлэх “Үзэсгэлэнт Хятад орон” бүтээн байгуулалтын төлөвлөгөөг албан ёсоор нийтэллээ. Уг баримт бичигт тус санаачилгыг бүх талыг хамран өрнүүлэхэд чиглэсэн ерөнхий шаардлага, зорилт, гол зорилтууд болон үндсэн төслүүдийг тусгав.

Төлөвлөгөөнд дурдсанаар, Хятад улс 2030 он гэхэд экологийн нөхцөл байдлыг бүхэлд нь сайжруулж, хүрээлэн буй орчны чанарыг дээшлүүлэн, “Үзэсгэлэнт Хятад орон” хөтөлбөрт томоохон ахиц дэвшил гаргахаар зорьж байна. Энэхүү ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэлийн технологи болон амьдралын хэв маягийг өргөнөөр нэвтрүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг дээд цэгт нь хүргээд, улмаар саармагжуулах зорилтоо товлосон хугацаандаа биелүүлэхээр тусгажээ.

Уг төлөвлөгөөнд цэлмэг тэнгэр, цэвэр ус, хөрс шороогоо хамгаалах зэрэг нэн тэргүүний долоон гол зорилтыг тодорхойлсон байна. Түүнчлэн экосистемийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэх, хүн амын дунд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болон эко амьдралын хэв маягийг хэвшүүлэх үйл явцыг хурдасгахад чиглэжээ.

Үүнээс гадна уг баримт бичигт агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих, усны болон далайн эко орчныг хамгаалж, нөхөн сэргээх, хөрсний бохирдлын эх үүсвэрийг хянах, бохирдсон бүс нутгийг цэвэрлэх, үйлдвэрлэлийн хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, түүнчлэн шинээр гарч буй бохирдуулагч бодисуудыг нэгдсэн удирдлагаар зохицуулах зэрэг чиглэлүүдээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

Эх сурвалж: “Синьхуа” агентлаг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.