АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар мягмар гарагт Цагаан ордонд уулзах үеэрээ Оростой энхийн яриа хэлэлцээг сэргээх, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Patriot” цогцолборын пуужинг Украинд үйлдвэрлэх төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Үүний дараа тэд Украиныг тууштай дэмжигчдийн нэг байсан АНУ-ын сенатч Линдси Грэмтэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцсон байна.
В.Зеленский салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоосоо өмнө Д.Трамптай Цагаан ордны Зууван танхимд ганцаарчлан уулзсан байна. Тэрбээр мөн Вашингтоны нэгэн зочид буудалд Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай хэлэлцээ хийснээс гадна, Конгрессын ордонд сенатын гишүүдтэй уулзжээ.
Энэхүү богино хугацааны айлчлал нь хоёр талын харилцаа сүүлийн хэдэн сард сайжраад байгаа үед В.Зеленскийд АНУ-аас авах цэргийн дэмжлэгийг бэхжүүлэх боломж боллоо. АНУ-аас удаан хугацаанд Украинд цэргийн тусламж үзүүлээгүй бөгөөд Л.Грэм нас барснаар Украин Вашингтон дахь хамгийн нөлөө бүхий дэмжигчдийнхээ нэгийг алдсан юм.
В.Зеленский сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Д.Трамп болон сенатын гишүүдтэй уулзах үеэрээ Украинд баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон пуужин амдан сөнөөгч нэн шаардлагатай байгаад онцгой анхаарал хандуулснаа дурдаад, Оросын эрчим хүчний салбарт хатуу хориг арга хэмжээ авах тухай АНУ-ын шинэ хуулийг сайшаасан байна.
Иран, Орост үйлдвэрлэсэн дронуудыг устгах чадалтай дронууд Украинд байгаа боловч Оросын талын харвасан баллистик пуужингаас хамгаалахын тулд илүү олон зэвсэг хэрэгтэй байна гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ.
“Хамгийн гол асуудал бол баллистик пуужингаас хамгаалах систем, амдан сөнөөх пуужин юм. Мэдээж хэрэг, бидэнд юу хэрэгтэй байгааг танилцуулсан” хэмээн тэрбээр Конгрессын ордонд сенатчидтай уулзсаныхаа дараа хэлсэн байна.
В.Зеленский үүнээс өмнө Telegram хуудсандаа Д.Трамптай “үр дүнтэй уулзалт” хийсэн гэж бичээд, “Patriot” системийн пуужин сөнөөгчийг Украинд үйлдвэрлэх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцсэн гэжээ. Энэ сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын удирдагч уг системийн пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд олгоно гэж мэдэгдсэн юм.
Оросын тал агаарын довтолгоогоо эрчимжүүлж байгаа тул Украины талд баллистик пуужинг сөнөөх чадалтай ганц зэвсэг болох “Patriot” системийн пуужин сөнөөгч хэрэгтэй байгаа юм.
Тэрбээр мөн тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоохын тулд ОХУ-тай хийж буй энхийн хэлэлцээ мухардалд орсныг дурдаж, “Бид мөн дипломат үйл явцын талаар хэлэлцсэн. Дипломат үйл явцыг эрчимжүүлэх нь чухал” хэмээн мэдэгджээ.
Хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер нар энхийн хэлэлцээнд зуучлах үйл явцыг дахин эхлүүлэх зорилгоор анх удаа Украинд айлчлахаар тохиролцжээ. Тэд 2025 оны нэгдүгээр сард Д.Трамп үүрэгт ажилдаа орсноос хойш Орост хэд хэдэн удаа очиж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм.