БНХАУ-ын Дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Бээжин хотноо хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийлээ. Хэдийгээр Цагаан ордноос албан ёсны тайлбар хараахан өгөөгүй байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар талууд худалдааны хэлэлцээр, Иран дахь нөхцөл байдал болон Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг голчлон хэлэлцсэн байна.
Хоёр улсын харилцаа ба түүхэн тэмдэглэлт ой
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин хэлэлцээний эхэнд 2026 онд АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхий дахины аюулгүй байдалд нэн чухал болохыг тэмдэглэв. Тэрээр “Хятад болон АНУ-ын нийтлэг эрх ашиг нь санал зөрөлдөөнөөс хамаагүй илүү жин дардаг. Хоёр улсын амжилт нь бие биедээ олгож буй боломж юм” хэмээн мэдэгдэв.
Ерөнхийлөгч Д.Трамп хариу хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа “урьд өмнөхөөсөө илүү сайн болно” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн нэрлээд, тэдний урт хугацааны танил тал, нөхөрлөлийг онцоллоо.
“Фукидидын занхилаа” ба дэлхийн дэг журам
Ши Жиньпин дэлхий ертөнц тодорхойгүй байдал, тогтворгүй байдлын зааг дээр ирээд байгааг анхааруулав. Тэрээр АНУ болон Хятад улс “Фукидидын занхилаа” буюу шинээр хүчирхэгжиж буй гүрэн тогтсон дэг журмыг барьж буй гүрнийг шахан гаргах үед үүсдэг зөрчилдөөний нөхцөл байдалд байгааг дурдсан юм. Гэвч хамтын хүчин чармайлтаар харилцан ашигтай шинэ форматыг бий болгож, дэлхийн дэг журмыг тогтворжуулах боломжтойг тэрээр тэмдэглэв.
Тайванийн асуудал:
Хүлээгдэж байсанчлан Тайванийн асуудал хэлэлцээний хамгийн эмзэг сэдэв байв. БНХАУ-ын Дарга энэ асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ:
“Хэрэв Тайванийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэж чадвал хоёр улсын харилцаа тогтвортой байна. Харин эсрэгээрээ бол хоёр улс зөрчилдөөн, бүр мөргөлдөөнд хүрч, хоёр талын харилцааг бүхэлд нь аюултай нөхцөл байдалд оруулна.”
Эх сурвалж: Синьхуа