Монгол Улсаас ОХУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Олон улсын хөрөнгө оруулалтын банкны (ОУХОБ) ТУЗ-ийн дарга Г.Н.Потапов болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны (ЭЗХАОУБ) ТУЗ-ийн дарга А.Ю.Борняков нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын зээл, санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн харилцан тооцоо хийх механизмыг бий болгох боломжуудын талаар хэлэлцсэн байна.
Элчин сайд Д.Даваа Монгол Улсын жижиг, дунд бизнес, ногоон хөгжил болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаад банкуудын удирдлагуудад талархал илэрхийлэв.
Борлуулалт, санхүүжилтийн үйл ажиллагааг төгрөг болон рублиэр гүйцэтгэх зээлийн үйлдлийг өргөжүүлэх, тооцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Монгол Улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийг дэмжих сонирхолтой байгаагаа банкуудын удирдлагууд нотоллоо.
Мөн уулзалтаар Монгол Улс болон ЕАЭБ (Евразийн эдийн засгийн холбоо) хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, “Сибирийн хүч — 2” хийн хоолойн төсөл, түүнчлэн эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд санхүүжилт, хөрөнгө оруулалт болон харилцан тооцоо хийх асуудлуудыг хөндөн хэлэлцсэн байна.
Эх сурвалж: ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам / Aist Global TV