Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд Монгол, Япон, Беларусь, Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Орос зэрэг 7 орны 52 нисгэгч оролцсон байна.
Хаалтын ажиллагааны үеэр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, дроныг зөвхөн спорт төдийгүй эдийн засгийн ирээдүйтэй салбар гэдгийг онцлоод, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдлын үеийн ажиллагаа болон логистикийн салбарт үр ашигтай ашиглах боломжтойг дурдлаа. Түүний хэлснээр, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хөгжил нь залуу үеийнхэнд програмчлал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ, геомэдээллийн систем зэрэг эрэлттэй салбаруудад өргөн боломжийг нээж өгч байна.
Дрон нисгэгчдийн холбооны тэргүүн И.Наранбаатар энэхүү аварга шалгаруулах тэмцээн нь туршлага солилцох, нисгэгчгүй технологийн салбарыг сурталчлах чухал талбар болсныг тэмдэглэв. Тэмцээний ялагчдад Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нар шагналыг нь гардуулан өглөө.