05:58
21.11.2026
Бямба
Монгол Улс 1990 оноос хойш хамгийн өндөр ургац хураан авлаа
20.11.26 21:28

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцуулснаар, улсын хэмжээнд 1.4 сая тонн ургац хураан авчээ. Энэ нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, 2026-2027 оны дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэ оны тав, зургаадугаар сард тариалангийн зарим бүс нутагт хур тунадас, нойтон цас үргэлжлэн орсны улмаас тариалалт 5-7, ургац хураалтын ажил өмнөх жилүүдийнхээс 10-14 хоногоор хойшилсон. Гэвч 6-9 дүгээр сард хур тунадас элбэг байсан нь арвин ургац авах гол нөхцөл болжээ.

Ургац хураалтын урьдчилсан дүн болон өмнөх онуудынхтай харьцуулсан түвшингээс үзвэл:

-348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа (үүнээс улаан буудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн) хураан авсан.

-110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн таримал тэжээл хураан авч, мөн 1990 оноос хойших хамгийн өндөр дээд амжилтыг тогтоов.

-13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2023-2025 оноос бага ч 1960-2022 оны аль ч жилийн ургацаас өндөр үзүүлэлт юм.

-12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн төмс хураан авсан нь өнгөрсөн 2025 оноос өссөн боловч 2019-2024 оны түвшинд хүрээгүй байна.

-82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн тосны ургамал хураасан нь 2024 оны 59.4 мянган тонноос бага хэдий ч 2014-2023 болон 2025 оны ургацаас өндөр байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Намрын ургацаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпорац”-ад 124.5, гурилын үйлдвэрүүд 204.5, нийт 329.0 мянган тонн улаан буудайг гурил үйлдвэрлэлийн зориулалтаар нийлүүлж байна. Мөн 74 мянган тонн улаан буудай борлуулалтын шатанд байгаа юм. Үүнээс гадна спиртийн үйлдвэрт 15000, тэжээлийн үйлдвэрт 48800 тонн улаан буудай нийлүүлсэн бол ирэх оны тариалалтад зориулж 53.0 мянган тонн үрийн улаан буудай нөөцөлжээ.

Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр 2026 онд “Атар-4” аяны хүрээнд 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, аж ахуй нэгжид 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Мөн 1245 тариаланчид 6.98 сая литр дизель түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлж, 548 иргэн, аж ахуй нэгжид 14.5 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар олгосон байна. Түүнчлэн улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн долоон суманд 2300 тоннын багтаамжтай механикжсан агуулах барьж ашиглалтад оруулсан бол 7.6 тэрбум төгрөгөөр таван аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувьд хүргэснийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцоллоо.

Үүнээс гадна ирэх оны тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс хангаж, шатахуун, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах юм байна. Цаашид тариалангийн үйлдвэрлэлд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, технологийн шинэчлэлийг дэмжихэд чиглэсэн, үйлдвэрлэлийн орц, хэрэглээг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.