04:31
13.11.2026
Баасан
Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ

Орос, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотноо хоёр өдөр хийсэн хэлэлцээнийхээ явцад олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцсон боловч нутаг дэвсгэрийн асуудал зэрэг хэд хэдэн гол асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгааг АНУ-ын зуучлагчид мэдэгджээ.

Хоёр улсын төлөөлөгчид есөн сарын дараа анх удаа хэлэлцээ хийх үеэрээ олзлогдсон цэргүүдийг солилцох асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд солилцох цэргийн тоог пүрэв гарагт эцэслэн тогтоохоор болсон байна.

АНУ-ын тусгай элч Жаред Кушнер энэ удаагийн солилцоог дөрөв гаруй жил үргэлжилж буй дайны үеэр хэрэгжүүлэх “олзны цэргүүдийг суллах томоохон хүмүүнлэгийн ажиллагаа” болно гэж мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “солилцох ажиллагаа нэлээд өргөн цар хүрээтэй болно” гэж мэдэгджээ.

Ж.Кушнер мөн АНУ-ын тусгай элч Стив Уиткоффын хамт пүрэв гарагт Москвад очиж, В.Путинтэй уулзана гэдгээ мэдэгджээ. Уулзалтын үеэр Европын түншүүдийг хэлэлцээнд оролцуулах асуудлыг хөндөх бөгөөд Европын орнууд хэлэлцээний ширээний ард зайлшгүй суух ёстой гэж тэрбээр үзэж байна.

Үүний дараа АНУ-ын төлөөлөгчид В.Зеленскийтэй уулзахаар Ирландыг зорихоор төлөвлөжээ. В.Зеленскийн Европын удирдагчдын уулзалтад оролцохоор Ирландад очих аж.

Эх сурвалж: Reuters

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.