18:48
11.08.2026
Мягмар
Сүхбаатар аймагт И.А.Плиевын хөшөөг албан ёсоор нээлээ
10.08.26 19:32

Өнөөдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд байрлах тус Хил хамгаалах анги дээр ЗХУ-ын нэрт командлагч, ЗХУ-ын хошоо баатар, БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевын хөшөөг албан ёсоор нээх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын хил хамгаалалтыг сахин хамгаалж буй Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын 0184 дугаар анги байгуулагдсаны түүхт 90 жилийн ойтой давхцаж байна.
Түүхэн үйл явдал болсон газар оронд генералын дурсгалыг мөнхжүүлэх санаачилга яг нэг жилийн өмнө гарч байжээ. Тэр үед ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон Элчин сайдын яамны Цэрэг ба агаарын цэргийн атташе, Хошууч генерал П.В.Петрунин нар тус хилийн ангид зочилж, Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Зөвлөлт-Монголын хамтарсан цэргийн Маньжурын стратеги сорилт, довтолгооны ажиллагаагаар төгссөн тус дайны үе буюу 1945 оны 08 сард Онгон сумын яг энэ заставын ойролцоо Өвөр Байгалын фронтын Зөвлөлт-Монголын морьт, мотомеханикжуулсан бүлгийн командлалын байр байрлаж байв. Тус бүлгийг дэслэгч генерал И.А.Плиев болон Монголын талаас дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар хамтран удирдаж Дэлхийн II дайны шийдвэрлэх тулаанд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Түүхэн эх сурвалж:
Исса Александрович Плиев (1903–1979) нь Аугаа эх орны дайны хамгийн нэр хүндтэй командлагчдын нэг юм. Өмнөд Буг голыг гаталж, Одесса хотыг чөлөөлөх тулаанд үзүүлсэн баатарлаг гавьяаг нь үнэлж түүнд ЗХУ-ын баатар цол хүртээжээ. Түүнийг 1945 оны 09 сарын 08-нд Алс Дорнодод Японы Квантуны армийг бут цохих ажиллагааг чадамгай удирдсаны төлөө хоёр дахь удаагаа Алтан од одонгоор шагнасан байна. Мөн тэрээр 1962 оны 07 сараас 1963 оны 05 сар хүртэл Куба Улсад хэрэгжүүлсэн “Анадырь” нууц ажиллагааны үеэр Зөвлөлтийн цэргийн бүлэглэлийг даргалан ажиллаж байжээ.
Домогт командлагч Монгол Улстай идэр наснаас холбогдсон байна. Тэрээр 1936 -1938 оны хооронд Улаанбаатар хотын цэргийн сургуулийн штабт цэргийн зөвлөх, зааварлагчаар ажиллаж байжээ. Түүний удирдсан морьт, механикжуулсан бүлгийн Монголын анги нэгтгэлүүдтэй хамтарсан ажиллагаа нь 1945 онд Японы милитаристуудыг аянга цахилгаана мэт бут ниргэж, Ази Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
И.А.Плиевын нэрэмжит байгууламжууд Монгол Улсын нийслэлд хэдийнээ байдаг бөгөөд Улаанбаатар хотын 49 дүгээр сургууль түүний нэрэмжит билээ. Харин улсын хил дээр сүндэрлэж буй энэхүү шинэ хөшөө нь фашизм болон милитаризмын эсрэг хамтын тэмцлийн түүхэн үнэнийг хадгалан үлдээхэд чухал хувь нэмэр болох юм.
ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин:
“Армийн генерал Плиевын бүлгийн командлалын байр байсан яг энэ газар түүний хөшөөг босгосон байгаа нь маш гүн гүнзгий бэлэгдэл юм. Монгол ахан дүүсийн хамт мөр зэрэгцэн Их ялалтын төлөө тулалдсан баатруудын дурсгалыг бид үргэлж хүндэтгэдэг. Өнөөдрийн арга хэмжээ нь манай хоёр орны оюун санааны холбоог бэхжүүлж, энх тайвныг сахин хамгаалж буй хилчдийн эх оронч хүмүүжилд тод жишээ болж байна.”
Хилийн цэргийн 0184 дугаар ангийн командлагч Ч.Батжаргал:
“Энэхүү хөшөөг манай ангийн өмнө байршуулсан нь маш их нэр төрийн хэрэг боллоо. Исса Александрович Плиевын дүр төрх бидний хувьд эрэлхэг зориг, цэргийн стратегичийн авьяас чадвар, цэргийн тангарагтаа хязгааргүй үнэнч байхын үлгэр дуурайл болон мөнхөд үлдэнэ. Одооноос эхлэн дайчин бүр манаанд гарахдаа агуу жанжны хүрэл хөшөөний хажуугаар өнгөрөх болно.”
Хилийн цэргийн ерөнхий газрын дарга асан – Монгол Улсын Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ш.Лхачинжав:
“Бид Зөвлөлтийн цэрэг эрсийн эр зориг болон хүндэт нөхөр, Генерал Плиевийн авьяас, чадварыг хэзээ ч мартахгүй. Сүхбаатар аймгийн ариун дагшин газар босгосон энэхүү хөшөө нь бидний хамтын түүхийг хүндэтгэсэн, манай арми хоорондын мөнхийн найрамдлын баталгаа боллоо.”
25 жилийн өмнө Хилийн 0184 дүгээр ангид суурилуулсан И.А.Плиевийн гипсэн баримлаас цутгасан уг баримлыг залуу, авьяаслаг, аль хэдийн нэр хүндтэй уран барималч, Хойд Осетины-Аланийн БНУ-ын Уран бүтээлчдийн холбооны гишүүн, Бүгд Найрамдах Улсын гавьяат зураач, Оросын Уран бүтээлчдийн холбооны гишүүн Ибрагим Хаев бүтээжээ. Хүрэл баримлыг 1945 оны 08 дугаар сард Зөвлөлт, Монголын цэргүүд ялалтын жагсаалаа эхлүүлсэн шугамын чиглэл болох зүүн зүгт харуулан боржин чулуун суурин дээр суурилуулсан байна.
Кокаевын гэр бүл өөрсдийн нутаг нэгт гарамгай цэргийн командлагч И.А.Плиевийг хүндэтгэн түүний хөшөөг ивээн тэтгэсэн байна. Хөшөөг суурилуулах, нээхэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн атташегийн алба дэмжлэг үзүүлэв.
Онгон суманд болж буй Хилийн цэргийн ангийн түүхт 90 жилийн ойн ёслолын арга хэмжээнд зориулсан баярын концертод Монгол Улсын хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Хилчин” хамтлагийн үзүүлэн тоглолт боллоо. Мөн БНМАУ-ын баатар, морьт хорооны дарга асан Чойн Дугаржав болон баатар хилчдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөж бэсрэг наадам зохион байгууллаа. Наадамд Монголын уламжлалт сур харваа, гурван насны морь уралдаж, монгол бөхийн барилдан болов. Төгсгөлд нь хүндэтгэлийн хүлээн авалт хийснээр баярын арга хэмжээ өндөрлөв.
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.