21:32
01.08.2026
Бямба
Монгол сурагчид Екатеринбург хотноо «Орос хэл — Ирээдүйн эрчим хүч» төсөлд оролцож байна
01.08.26 19:05

Екатеринбург хотын Уралын холбооны сургуульд «Орос хэл — Ирээдүйн эрчим хүч» төслийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчид, төслийн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл болон сайн дурын ажилтнууд оролцсон тухай Улаанбаатар дахь Оросын гэрийн “ВКонтакте” сүлжээн дэх албан ёсны хуудсанд мэдээлжээ.

Монгол Улсаас очсон багш, сурагчдыг хоёр долоо хоногийн турш боловсрол болон соёлын хөтөлбөр хүлээж байна. Энэ хүрээнд орос хэлний хичээлүүд, эрчим хүчний салбартай танилцах уулзалтууд болон Екатеринбург хоттой танилцах аялалууд зохион байгуулагдах юм.

Арга хэмжээг нээж Уралын холбооны сургуулийн тэргүүн проректор Сергей Кортов, Свердловск мужийн Олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааны сайдын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Илья Скидин, Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ренат Гараев, Уралын эрчим хүчний институтийн захирал Сергей Сарапулов болон бусад хүндэт зочид үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ Орос, Монгол хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны чухлыг тэмдэглээд, иймэрхүү санаачилгууд нь хоёр орны мэргэжлийн, улс төрийн болон соёлын харилцааг хөгжүүлэхэд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтойг онцлов. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэлүүдийн нэг болох эрчим хүчний салбарт тус төслийн хүрээнд онцгой ач холбогдол өгч байгааг дурдлаа.

Нээлтийн ёслолд цахим хэлбэрээр Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны Монгол дахь хүндэт элч Цэвээний Магсар болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Орос хэл, түүнийг заах арга зүйн танхимын эрхлэгч Ширнэнгийн Цолмон нар оролцов.

Баярын хөтөлбөрийг урлагийн үзүүлбэрүүдээр чимэглэв. Оюутан, сурагчид дуу, бүжгийн дугаар үзүүлж, Орос болон Монгол орны соёлын уламжлалыг зочдод танилцууллаа. Ёслолын ажиллагаа төслийн багш нар болон сайн дурынхны монгол хэлээр хэлсэн мэндчилгээгээр төгссөн бөгөөд тэд ойрын өдрүүдэд боловсролын хөтөлбөрийн үеэр Монголын төлөөлөгчдийг дагалдан ажиллах юм.

«Орос хэл — Ирээдүйн эрчим хүч» төсөл нь Монгол Улстай хамтран ажиллах Свердловск мужийн Залуучуудын санаачилгыг дэмжих бүсийн сангийн олон жилийн ажлыг үргэлжлүүлж байна. Уг төслийн гол зорилго нь Монголын сурагч, багш нарын орос хэл болон эрчим хүчний салбарыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Уг төсөл нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр Уралын холбооны сургуулийн баазад 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 6-ны өдрүүдэд хэрэгжиж байна.

Эх сурвалж: Русского дома в Улан-Баторе во ВКонтакте

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.