06:30
26.07.2026
Ням
Европын Холбоо Орос, Беларусийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд хориг арга хэмжээ авна гэж К.Каллас мэдэгдэв
24.07.26 14:43

Европын Холбооноос (ЕХ) Оросын эсрэг авсан 21 дэх хориг арга хэмжээ 23-ны пүрэв гарагт ЕХ-ны Зөвлөлийн албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ.

Мөн өдөр гаргасан Европын Комиссын мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хориг арга хэмжээ нь ОХУ Украинд явуулж буй хууль бус дайнаа санхүүжүүлэх, энгийн иргэд, иргэний дэд бүтцэд халдах боломжийг улам хязгаарлах зорилготой байна.

21 дэх багцад багтсан ЕХ-ны хориг арга хэмжээ нь голчлон эрчим хүчний салбар, криптовалют зэрэг санхүүгийн үйлчилгээ, худалдаа, Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хамарчээ.

Тус холбооны эрх баригчдын гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь Оросын газрын тосонд тогтоосон үнийн дээд хязгаарыг дахин нэг жилээр сунгах шийдвэр байв. Хэрэв ЕХ-ны гишүүн орнууд энэ асуудлаар тохиролцоонд хүрээгүй бол ддэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтийг дагаад үнийн дээд хязгаар автоматаар нэмэгдэх байсан юм.

Мөн анх удаа Оросын газрын тос боловсруулах салбарыг хоригт хамруулжээ. Тодруулбал, ОХУ-ын газрын тос боловсруулах гурван үйлдвэр, Беларусийн нэг томоохон үйлдвэр, Беларусийн газрын тосны бүтээгдэхүүнийг Орост борлуулдаг нэг компани, мөн одоо хэрэгжиж буй хоригийг тойрон гарахад тусалсан газрын тосны худалдааны таван компанид хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон гуравдагч орнуудад байрладаг тус улсын газрын тос боловсруулдаг үйлдвэрүүдтэй санхүүгийн болон бизнесийн ажиллагаа явуулахыг хориглох боломжтой болсон байна.

ЕХ-ноос мэдээлснээр, мөн Оросын “сүүдрийн флот”-д багтдаг 41 хөлөг онгоцыг шинээр хоригийн жагсаалтад оруулжээ. Үүнээс өмнө уг жагсаалтад нийт 632 хөлөг онгоц бүртгэлтэй байсан байна. Мөн ЕХ-ны гишүүн орнууд далайн ажиллагааны хүрээнд “сүүдрийн флот”-ын хөлөг онгоцыг саатуулсан тохиолдолд тээвэрлэж явсан ачааг хураан авах эрхтэй болжээ. Хураасан ачааг худалдаж, олсон орлогыг тухайн саатуулсан улсад шилжүүлэх боломжтой болсон байна.

“Оросын эдийн засаг дайн эхэлснээс хойших хамгийн сул үедээбайна. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ өсөж, төлөвлөгдөөгүй орлого олж байгаа хэдий ч энэ нь Оросын эдийн засгийн улам гүнзгийрч буй бүтцийн сул талыг нөхөж чадахгүй” гэж Европын Комисс мэдэгджээ.

Шинэ багц хоригийн хүрээнд Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой 56 компанийг хоригийн жагсаалтад шинээр оруулсны 37 нь хол тусгалын “Гарпия” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой компаниуд байна. Түүнчлэн ОХУ-ын хөгжүүлж буй Starlink-тэй адил хиймэл дагуулын холбооны систем хязгаарлалтад өртжээ. Мөн Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнд тавих экспортын хяналтыг чангатгасан байна.

Үүнээс гадна, Оросын сансар, нисэхийн салбар болон дрон үйлдвэрлэлд ашиглагддаг тодорхой төрлийн металл нунтаг, хайлш, мөн цахим дайны тоног төхөөрөмж зэрэг холбогдох технологийн экспортод хязгаарлалт тогтоожээ.

Салбарын хоригуудаас гадна 21 дэх багцын хүрээнд 48 хувь хүн, 170 хуулийн этгээдийг хоригийн жагсаалтад шинээр нэмсэн нь Украинд дайн эхэлснээс хойших хамгийн том өргөтгөл болсон гэж Европын Комисс онцолсон байна.

Хоригт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Спортын сайд Михаил Дегтярёв, Олон улсын шатрын холбооны (FIDE) ерөнхийлөгч Аркадий Дворкович, “Оросын төмөр зам” компанийн ерөнхий захирал Олег Белозёров, ОХУ-ын Төв банкны дэд дарга Сергей Белов, “Газпром-Медиа Холдинг”-ийн ерөнхий захирал Александр Жаров зэрэг албан тушаалтнууд багтсан байна. Мөн “ЦМРБанк”-ны удирдах зөвлөлийн дарга Руслан Арефьев, “Диалог” бие даасан ашгийн бус байгууллагын ерөнхий захирал, Олон улсын баримт шалгах холбооны ерөнхийлөгч Владимир Табак, АФК “Система” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Феликс Евтушенков нарт хориг тавьжээ.

Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, байгууллагын Европын Холбооны нутаг дэвсгэр дэх бүх хөрөнгийг царцааж, мөн ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглоно.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.