01:27
10.07.2026
Баасан
“П.И.Чайковскийн төрсөн нутагт” олон улсын хүүхэд, залуучуудын II уралдааны бүртгэл эхэллээ

ОХУ-ын Удмуртын Бүгд Найрамдах Улсын Засгийн газар болон Соёлын яамны санаачилгаар “П.И.Чайковскийн төрсөн нутагт” олон улсын хүүхэд залуучуудын II уралдааны бүртгэл эхэллээ.

Нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн өвийг дэлхий нийтэд түгээх, авьяаслаг хүүхдүүдийг дэмжих, залуу үеийнхэнд сонгодог хөгжмийн урлагийг сурталчлан таниулах зорилготоор энэхүү уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Уралдаан 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 10-22 насны хөгжимчид төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, модон болон гуулин үлээвэр, үндэсний хөгжим гэсэн төрлөөр насны ангиллаар оролцоно.

Уралдааны үе шатууд:

I шат (Цахим): Оролцогчдын бүртгэлийн материал болон журамд заасны дагуу тоглосон зохиолын видео бичлэгийг 2026 оны 8 дугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна.

II шат (Танхим): 2026 оны 10 дугаар сарын 11-12-нд Воткинск болон Ижевск хотод болно.

III шат (Финал): 2026 оны 10 дугаар сарын 13-нд Воткинск хотод болно.

Гала тоглолт болон шагнал гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Удмуртын Бүгд Найрамдах Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.