ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нар 21-ний лхагва гарагт Санкт-Петербург хотын Константиновын ордонд хэлэлцээ хийлээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, уулзалт гурав орчим цаг үргэлжилсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, В.Путин Украины дайныг зогсоох асуудлаар Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг 11 дүгээр сарын 10-ны орчимд сэргээхэд зарчмын хувьд бэлэн байгаагаа С.Уиткоффтой уулзах үеэрээ илэрхийлжээ. Ийм хэлэлцээг энэ оны эхнээс хойш хийгээгүй юм. Ю.Ушаковын онцолсноор, хэлэлцээ нь “Орос, Украины аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх” асуудалд чиглэх ёстой.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гурван талын хэлэлцээ хийх тухай АНУ-ын саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр хэлэлцээг аль болох ойрын хугацаанд, 11 дүгээр сарын эхний өдрүүдэд багтаан зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков дараа нь Кремлийн үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлч Павел Зарубинтай ярилцахдаа, Европын удирдагчидтай хэлэлцээ хийснийхээ дараа Америкийн талаас боловсруулсан саналуудад Москва ямар байр суурьтай байгаа талаар хөнджээ.
“Хэлэлцээнд оролцсон Европын удирдагчид, Европын Комисс, НАТО зэрэг байгууллагын төлөөлөгчдийн байр суурьт зарим өөрчлөлт гарсныг америкчууд анзаарсан байна. Тэд энэ тухай бидэнд хэлсэн. Гэхдээ эдгээр өөрчлөлт бидний санаанд бүрэн хүрэхгүй байна” гэж Ю.Ушаков хэлсэн байна.
Түүнчлэн Ю.Ушаков дайныг дуусгах үйл явц эцсийн шат руугаа ойртож байгааг тэмдэглэжээ. Дайн дуусах эсэх талаар асуухад тэрбээр “Бид энэ зорилгодоо хэр ойртсоныг мэдэхгүй ч үйл явц энэ чиглэлд өрнөж байна” гэж хариулсан байна.
С.Уиткофф дайныг дуусгах тухай саналуудыг Орост хүргэжээ
С.Уиткофф Украины дайныг дуусгах саналууд бүхий баримт бичгүүдийг Орост авчирсан байна. Д.Трампын тусгай элчийн хэлснээр, гал зогсоох тохиролцоонд хүрэх үндэс суурь бүрджээ. Тэрбээр техникийн асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Орос, АНУ, Украины гурван талын хэлэлцээг сэргээх боломжийг В.Путин анхаарч үзнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
В.Путин уулзалтын үеэр мөн Украины дайныг дуусгах асуудалд анхаарлаа хандуулж буй Д.Трампад талархал илэрхийлжээ. Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ, Д.Трамп хамгийн сүүлд утсаар ярихдаа хүний амь хохирч буй явдлыг зогсоохын тулд байлдааны ажиллагааг дуусгах шаардлагатайг онцолсон гэдгийг дурдсан байна.
Оросын Ерөнхийлөгч мөн АНУ-тай эдийн засгийн харилцаагаа сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Д.Трамптай Хятадад уулзах боломжийн талаар С.Уиткоффтой ярилцах бодолтой байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Ираныг тойрсон мөргөлдөөнийг зохицуулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
С.Уиткоффын айлчлалын үеэр Оросын тал хөлсний цэрэгт элссэн гэх хэргээр ял шийтгүүлсэн Америкийн иргэн Стивен Хаббардыг сулласан тухай мэдээлэл ил болсон байна.
Уулзалтын үеэр С.Уиткофф В.Путинийг энэрэнгүй хүн хэмээн тодорхойлсон байна. Тэдний ярилцлагын энэ хэсэг нийгмийн сүлжээнд цацагджээ. “Та Ерөнхийлөгч Трампыг энэрэнгүй хүн гэж олон удаа хэлдэг. Та ч бас энэрэнгүй хүн юм байна” гэж Америкийн тусгай элч хэлэв. Түүний энэ үгийг Бүгд найрамдах намын сенатчид шүүмжилжээ. Сенатч Жон Корнин “Үгүй ээ, Путин бол хүйтэн цуст алуурчин” гэж бичсэн бол тус намын Том Тиллис С.Уиткоффт “энэрэнгүй хүн” гэдэг үгийн утгыг толь бичгээс харахыг зөвлөсөн байна.