ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 21-нд Санкт-Петербург хотын Константиновын ордонд АНУ-ын удирдагчийн элч Стив Уиткоффтой уулзлаа. Энэ тухай РИА Новости мэдээлэв.
Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч Цагаан ордны тэргүүн Дональд Трампад Украины маргааныг зохицуулахад анхаарал хандуулж буйд талархал илэрхийлж, өчигдөр Норвегид болсон АНУ, Украин, ЕХ-ны төлөөлөгчдийн зөвлөлдөөний үр дүнг сонирхов.
Уиткофф Осло хотод болсон хэлэлцээ үр бүтээлтэй байсныг дурдав. Тэрээр энх тайвны үйл явцын асуудлаарх хандлагыг тусгасан баримт бичгүүдийг Санкт-Петербургт авчирсан байна. Түүний үзэж буйгаар, мөргөлдөөнийг дуусгахад хүрэх үндэс бий болоод байна.
Трампын тусгай төлөөлөгч Путиныг Орос, АНУ, Украины хэлэлцээг сэргээх боломжийг авч үзнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв. Тус хэлэлцээнд техникийн асуудлуудыг хэлэлцэх боломжтой гэжээ.
Мөн тэрээр америк иргэн Стивен Хаббардыг суллаж өгсөнд Москвад талархлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч түүнийг одоо Пулково нисэх онгоцны буудалд байгааг тодруулав.
АНУ-тай хамтын ажиллагааны талаар Путин Москва эдийн засгийн төслүүдийг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Түүний хэлснээр, Орос Америкийн зах зээлд бордоог их хэмжээгээр нийлүүлж чадна. Ерөнхийлөгч дизелийн хэлцлийн ачаар дэлхийн зах зээл дээрх үнэ 5-6 хувиар буурсныг онцоллоо. Уиткофф Трампын нэрийн өмнөөс түүнд энэ шийдвэрт талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч мөн Ираны хямралын талаарх үнэлгээг сонирхож буйгаа нэмж хэлээд, Москва мөргөлдөөнийг зохицуулахад туслахад бэлэн гэв.
Уулзалтад Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, ОХУ-ын Хөрөнгө оруулалтын шууд сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар мөн оролцож байна.
Энэ нь Уиткоффын ОХУ-д хийж буй есдэх удаагийн айлчлал гэж тэмдэглэжээ. Энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер өвчний улмаас хэлэлцээнд оролцож чадаагүй байна. “The New York Times” сонинд бичсэнээр, Америкийн хэлэлцээчид Зеленский Трамптай харилцаагаа сайжруулах хүртэл ОХУ-д хийх айлчлалаа хойшлуулж байжээ.
Эх сурвалж: РИА Новости