17:47
17.09.2026
Пүрэв
“Номын соёлт ертөнц” ТББ 20 дахь жилдээ 40 дэх удаагийн “Номын баяр”-аа зохион байгуулна
17.09.26 12:53

 

“Номын соёлт ертөнц” ТББ-аас 20 дахь жилдээ 40 дэх удаагийн Номын баяр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор нийслэл хотынхоо төв талбайд зохион байгуулна.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын үйл ажиллагаа нь Монголын номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны хөгжил дэвшилд даацтай хувь нэмрийг оруулж түүчээлэн ажилласан, номын худалдааны эргэлт, уншилт нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд томоохон түлхэц үзүүлж Нийслэл хотын иргэдийн дунд номын соёлыг түгээхэд далайцтай хувь нэмрийг оруулсан амжилттайгаар 40 дэх удаагийн Номын баяраа угтаж байна.

Номын баярын сүүлийн үеийн чиг хандлага Олон Улсын номын үзэсгэлэнгүүдтэй түншлэн ажиллахад чиглэж, тэдний сайн туршлагаас суралцахын сацуу бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч байна. Тиймээс энэ удаагийн баярын гол онцлог залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж, Олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо өрнүүлэх тусгай гадаад оролцогчдын хэсгийг бий болгож байгаа. 40 дэх удаагийн Номын баяраараа “Либро сувд” утга зохиолын агентлагаас Японы зурагт номын алдартай зохиогчид Хоса Сачиёо, Ито Хироши; Куала Лампурт болсон Олон улсын хэвлэн нийтлэгчдийн хурлаас 2026 оны “Хэвлэлийн салбарын инновацын шагнал»-ыг хүртсэн БНЭУ-ын Тамил Наду мужийн Aazhi Publications-ийн захирал С.Сэнтил Натан (БНЭУ); Номын соёлын сан, Уншлагыг дэмжих иргэдийн хөдөлгөөний Ерөнхий захирал Ан Чан Сү; Номын соёл сангийн менежер Ким Хюмбин; “Nami Island Arts & Education” корпорацын гүйцэтгэх захирал, IBBY Trust-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Фрэд Минн (БНСУ)-ийг Нами арлын багтай нь; мөн Бээжингийн номын үзэсгэлэнгийн зөвлөх, 2008-2012 оны IBBY-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны байнгын гишүүн, Хүүхдийн зохиолч Жан Минжөү (БНХАУ); Түрэг соёл судлалын олон улсын байгууллага (ТҮРКСОЙ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Киргизийн ардын уран зохиолч, Утга зохиолын олон улсын шагналт Султан Раев нарын онцлох зочид уригдсан бөгөөд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд нь дэмжин ажиллаж байна.

Хорин жилийн түүхтэй 40 дэх удаагийн номын баярын үеэр Хэвлэлийн газруудын тусгай гудамж, Олон улсын хэвлэн нийтлэгчидтэй хийх B2B уулзалт, Номын гэр дэх мэдлэг солилцох уулзалт, “Номын ертөнц” сэтгүүлийн шинэ дугаарыг түгээх, Зохиолч уншигчдын уулзалт зэрэг олны анхаарлыг татсан хэсгүүд ажиллана. Уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулах, Зохиолчдыг дэмжих “Улаанбаатар грант олгох” үйл ажиллагаа явагдаж, Гадаад болон Монгол зохиолчдын шинэ номын нээлтүүд болно. Нээлтийн ёслол 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11:30 цагт Сүхбаатарын талбай дээрээс MNB-ийн шууд сурвалжилгаар эхэлж, 12:00 цагт нээлтийг орон даяар дамжуулахаар төлөвлөж байна. Номын баярын гурван өдөрт Зохиолчдын хэсэгт гарын үсэгтэй худалдаа хийх, зураг авхуулах үйл ажиллагаа явагдаж, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэх газруудын нээлттэй өдөрлөг, Indiе street буюу залуу хэвлэн нийтлэгчдийн гудамжинд монгол уншигчдад зориулсан шинэлэг ном бүтээлүүдийг толилуулж, олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаанууд явагдана.

Мөн, “Дүүлэн нис” гудамж, Зурагт номын гудамжны бүтээлч асарт зочилж, Хүүхдийн номын уншлага, Шатрын нээлттэй тэмцээнд оролцох, ЕБС-иудад уншлага удирдах календарь түгээхэд хамтран ажиллах, Шинэ номын яриа, нээлт, танилцуулгыг биечлэн үзэж сонсох боломжийг олгох юм. Хэвлэл мэдээллийн хэсэг, Судалгааны явуулын цэг, Ховор, хуучин номын хэсэг, Төрийн байгууллагын үйлчилгээ, Амттай кофе уух явуулын үйлчилгээ, Хүнс, үйлчилгээний хэсэг, Урлагийн тоглолт гэх мэт ном тойрсон олон талт үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ. “Номын соёлт ертөнц” ТББ-аас Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотын нэрэмжит “Улаанбаатар грант” шагналыг бий болгосон. “Улаанбаатар грант”-ын зорилго нь номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нийгэмд бодитой хувь нэмэр оруулж буй хувь хүн, уран бүтээлч, гадаад оронд номоо эрхлэн хэвлүүлэхээр зэхэж буй болон хэвлүүлж олны хүртээл болгон Mонгол Улсаа сурталчилж буй зохиолч, хэвлэн нийтлэгчдийг урамшуулж НЗДТГ-аас олгодог мөнгөн тэтгэлэг юм. Номын баяр болгоноор нэг нэр дэвшигчийг тодруулан олгодог уг грантад энэ удаа судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтран туурвисан “Чингис хааны тагнуулын нууц товчоо; анх Японд хэвлэгдэж, 2016 онд Японы Соёлын яамны нэрэмжит шагнал хүртсэн зохиолч И.Ганбаатар, зураач Б.Болормаа нарын хамтран бүтээсэн “Туяагийн нүүдэл” зурагт ном; зохиогч орчуулагч Ц.Дөлгөөний туурвисан “The Wind Horse” (Хийморь) хэмээх соёл, түүхийн шинэ бүтээл; “Болор цом”-ын эзэн, яруу найрагч С.Начингийн “Цаг хугацааны хээ” буюу “The Patterns of time” номууд нэр дэвшин өрсөлдөж байна.

Энэ удаагийн баяр дээр баяр нэмэн “Мэргэн ном” шагнал, “Улаанбаатар грант” хүртсэн хоёр ч зохиогчийн ном тамил хэлээр хэвлэгдэн гарч байна. Үндэсний номын баярын гол шагнал болох “Мэргэн ном” цомыг УИХ-ын дарга асан Г.Занданшатар 2019 онд санаачилсан бол хотын грантыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн санаачилж байсан нь Монголын номын ертөнцийг дэлхийд сурталчлахад чухал түлхэц болсон юм. Тиймээс ч Номын баярын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг онцлон номд дуртай энгийн нэг уншигчийн хувиар “Номын ертөнц” сэтгүүлийн хойморт урьж ярилцжээ. “Номын ертөнц” сэтгүүлд Монголын төлөөлөгчид Бээжин, Сөүл хотын ОУ-ын номын үзэсгэлэнд оролцсон сонин сайхныг өгүүлсэн сурвалжилга, аян замын тэмдэглэл уншиж, нээлтээ хийх гадаад зохиолчдын болон монгол зохиолчдын шинэ номын мэдээлэл, номын клубийн үйл ажиллагаа, номын ертөнцийн сонин сайхнаас унших боломжтой. Уг сэтгүүлийг номын баяр бүрээр 5000 хувь хэвлэж үнэ төлбөргүй тараадаг. Номын баярыг анх 2007 онд сэтгүүлч, ном зүйч Бат-Эрдэнийн Сувд хэсэг нөхдийн хамт санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд уг санаачилгыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг буулгаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болжээ. 2021 онд энэхүү баярын өдрүүдийг УИХ-ын чуулганаар хуульчлан баталж жил бүрийн 5 ба 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-Номын баярыг орон даяар тэмдэглэдэг болсон билээ. 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байна. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм.

Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ. Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч гадаадын иргэд болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын сан, номын клуб зэрэг номтой холбогддог бүх байгууллага, хувь хүн, уран бүтээлчид, хүүхэд залуус оролцдог. 39 дэх удаагийн баяраар хийсэн судалгаанд оролцогчдын 70.7 хувь болох 14-20 настнууд “Ном унших нь ирээдүйгээ төлөвлөхөд тустай, бүтээлч сэтгэлгээг тэлэхэд нөлөөтэй төдийгүй ёс суртахуун, үнэт зүйлийн соёлыг бүрдүүлэгч” хэмээн чухалчлан үзэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ ташрамд сонирхуулахад, “Интерном” номын дэлгүүр, “Нэпко” хэвлэлийн газар байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон номын соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллахдаа нийслэл Улаанбаатар хотдоо “Дэлхийн номын нийслэл” хэмээх цолыг титэмлэн авах зорилгыг тавьж ирсэн билээ. Тиймээс номын соёлыг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлыг 21 жилийн турш санаачлан, хийж, хэрэгжүүлсээр байгаа. Дэлхийн номын нийслэлд нэр дэвших өргөдлөө энэ 10 дугаар сард өгөх бөгөөд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжсэн албан тоот, батлан даалттай захидлын хамт илгээх учиртай. Иймд НЗДТГ-тай “Номын соёлт ертөнц” ТББ нягт хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг “Номын соёлт ертөнц” ТББ-ын 96962686, 90903090, 91918458 дугаараас тус тус авах боломжтой.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.