18:43
22.07.2026
Лхагва
Хятад, Оросын хилийн Амур мөрөнд 5 сая гаруй загасны жараахай тавьжээ
16.07.26 14:33

Энэ долоо хоногийн эхээр Хятад, Оросын хилийн зааг дахь Хэйлунцзян (Амур) мөрний Тунзян хотын (Хятадын зүүн хойд хэсгийн Хэйлунцзян мужийн нутаг) хэсэгт загасны жараахай тавих арга хэмжээ боллоо. Энэхүү ажлын гол зорилго нь хилийн бүсийн усан дахь биологийн олон янз байдлыг хамгаалах, загас агнуурын салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн талаар «Синьхуа» агентлаг мэдээлэв.

Арга хэмжээний хүрээнд Амурын хилэм, калуга (Амурын хилэмийн төрөл), замагч загас (толстолобик) болон цагаан амур зэрэг төрөл зүйлийн нийт 5.68 сая ширхэг жараахайг мөрөнд тавьжээ. Үүний дотор Амурын хилэм загасны 100 мянга орчим жараахайг Тунзян хотын хүйтэн усны загас үржүүлгийн стандартжуулсан баазаас нийлүүлсэн байна.

Уг арга хэмжээнд БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хэрэг эрхлэх яамны Загас агнуурын газар болон ОХУ-ын Загас агнуурын холбооны агентлагийн Амур орчмын нутаг дэвсгэрийн газрын албаны хүмүүс оролцлоо.

Хятадын талын төлөөлөгчид нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Хятад, Орос улсууд усан хилээ хуваалцдаг бөгөөд усан дахь амьд организмыг хамтран удирдах нь хоёр орны хувьд алсын хараатай, гүн гүнзгий ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Түүнчлэн хоёр тал олон жилийн турш хилийн усанд загас үржүүлэх, жараахай тавих чиглэлээр тууштай хамтран ажиллаж, хамтарсан хяналт шалгалт хийн, шинжлэх ухаан, технологийн туршлага солилцож ирснийг онцоллоо. Үүний үр дүнд хилийн бүс нутгуудын загас агнуурын зохицуулалт жигдэрч, усан дахь биологийн нөөцийг хамгаалах хамтын ажиллагааны үр дүн улам бүр тодорхой харагдаж байгааг тэд нэмж хэлэв.

Энэ жил БНХАУ болон ОХУ-ын хооронд түншлэл, стратегийн харилцан ажиллагааны харилцаа тогтоосны 30 жил, Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байгааг төлөөлөгчид сануулаад, Хятадын тал хилийн бүс нутгийн загас агнуурын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ОХУ-тай илүү практик, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Оросын Загас агнуурын агентлагийн Амур орчмын нутаг дэвсгэрийн газрын дарга Денис Крылов Орос, Хятадын усан орчны амьтдыг хамгаалах, үржүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийх болон хууль сахиулах салбар дахь тогтвортой, бодит хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Оросын тал Хятадын хамтран зүтгэгчидтэйгээ усан доорх амьд организмыг хамгаалах, хилийн усан дахь биологийн олон янз байдлыг хамтран хадгалах, загас агнуурын нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр уялдаа холбоотой ажлаа улам эрчимжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Дашрамд дурдахад, Хятад, Орос улсууд 2008 оноос хойш хилийн гол мөрөнд загасны жараахай тавих арга хэмжээг 18 удаа амжилттай зохион байгуулаад байна. Энэ хугацаанд нийтдээ 20 сая гаруй жараахай тавьжээ. Мониторингийн судалгаанаас үзэхэд мөрөнд тавьсан загаснууд, тэр дундаа Амурын хилэм болон калуга загас нь байбийн усан орчинд бүрэн дасан зохицож, тэдний популяци жил ирэх тусам сэргэж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Эх сурвалж: «Синьхуа» агентлаг

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.