18:21
22.06.2026
Даваа
Хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нарийвчлалтай компьютер томографийн аппаратыг Монголд анх удаа суурилууллаа
22.06.26 11:12

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт (УГТЭ) хиймэл оюун ухааны (AI) тусламжтай ажилладаг, 512 зүсэлттэй өндөр нарийвчлалтай компьютер томографийн (КТ) аппаратыг суурилуулж, ашиглалтад орууллаа.

УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир шинэ тоног төхөөрөмж ашиглалтад орсноор Монгол Улсын иргэд эх орондоо оношилгооны дэвшилтэт үйлчилгээг авах боломж бүрдэж байгааг онцоллоо.

Тэрбээр хэлэхдээ: “Энэхүү өндөр хүчин чадалтай аппаратыг Монгол Улсад анх удаа суурилуулж байна. Өмнө нь 64 зүсэлттэй компьютер томографийн аппаратаар титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар уг процедурыг хэдхэн секундэд гүйцэтгэх боломжтой боллоо. Энэ нь өвчтөнүүд оношилгоо хийлгэхээр гадаад улсыг зорих урсгалыг бууруулах ач холбогдолтой юм” хэмээн тэмдэглэв.

Шинэ аппарат нь зүрхний дүрсийг дунджаар 0.259 секундэд буулгах, улмаар бүтэн биеийн судасны цогц шинжилгээг ердөө таван секундэд хийх хүчин чадалтай. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритм нь өвчтөний хөдөлгөөн болон амьсгалаас үүдэлтэй дүрсний сарнилтыг багасгаж, судасны бүтэц болон эмгэг өөрчлөлтийг илүү тод, нарийвчлалтай харуулдаг байна.

УГТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн эмч, дэд профессор Д.Дэлгэрцэцэгийн хэлснээр, урьд нь зүрхний КТ-ийн зургийг боловсруулахад хоёр цаг орчим хугацаа зарцуулдаг байсан бол одоо ердөө 10 минутын дотор бэлэн болдог болжээ.

Тэрбээр: “Зургийн хувиргалт хийх хугацаа ердөө 2-7 секунд үргэлжилдэг. Өмнөх тоног төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 өвчтөн оношилдог байсан бол шинэ аппаратаар өдөрт хамгийн багадаа 20 хүнд, эсвэл сард 500 гаруй өвчтөнд үйлчлэх боломжтой болж байна” гэлээ.

Тус эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчид, хүнд өвчтөнүүд болон онош нь тодорхойгүй байгаа иргэдэд уг оношилгоог үнэ төлбөргүй хийхээр төлөвлөж байгаа аж.

“Neusoft” компанийн “NeuViz Epoch” загварын компьютер томограф нь хамгийн бага тунгаар, маш хурдан хугацаанд өндөр нягтралтай дүрслэл гаргах зориулалттай, дээд зэрэглэлийн 512 зүсэлттэй аппарат юм. Энэ нь 16 см-ийн диаметртэй панорам детектороор тоноглогдсон бөгөөд салбартаа тэргүүлэгч буюу ердөө 0.235 секундын эргэлтийн хурдтай тул зүрх болон бүх эрхтний цусан хангамжийг (перфузи) иж бүрэн судлахад нэн тохиромжтой юм.

Мөн “Neusoft NeuViz Epoch 512” аппарат нь АНУ, Европын Холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжсөн орнуудын эрүүл мэндийн салбарт өдгөө ашиглагдаж буй хамгийн өндөр нарийвчлалтай оношилгооны технологийн тоонд ордог бөгөөд олон улсын зах зээл дээрх өртөг нь ойролцоогоор 2 сая ам.доллар байдаг байна.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсад зүрх судас, мэдрэл, уушги болон бусад эрхтний өвчлөлийг оношлох нарийвчлал, хурд нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж шинэ шатанд гарна гэж үзэж байна.

Эх сурвалж: MongolianNews

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.