20:09
06.09.2026
Ням
Н.Учрал: Монгол, Оросын боомтууд ЕАЭБ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй
05.09.26 22:11
Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хилийн томоохон боомтууд нь Евразийн эдийн засгийн холбоотой (ЕАЭБ) байгуулсан худалдааны хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дорнын эдийн засгийн форумын үеэр Алс Дорнодын бүс нутгуудын үзэсгэлэнг сонирхохдоо онцолсныг “ТАСС” агентлаг мэдээллээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, Ерөнхий сайд Алс Дорнодын үзэсгэлэнгийн цогцолбор болон Бүгд Найрамдах Буриад Улсын павильонтой танилцаж, Буриадын тэргүүн Алексей Цыденовтой хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол болон шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал сэтгэгдлээ солилцсон байна.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас болон чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээ авсан. Энэхүү хэлэлцээрийг бодит ажил болгоход Сүхбаатар – Наушки төмөр замын боомт, Алтанбулаг – Хиагт авто замын боомт зэрэг Монгол, Оросын хилийн томоохон шалган нэвтрүүлэх цэгүүд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн хэлжээ.
Мөн Н.Учрал Монгол Улс хөрш бүс нутагтайгаа тогтоосон уламжлалт найрамдалт харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, хилийн боомтуудын нэвтрэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн монгол нүүрсийг Буриад руу экспортлох боломжтойг онцолсон байна.
Буриадын тэргүүн Алексей Цыденов Монголын төлөөлөгчдөд өөрийн бүс нутгийн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар Буриадын аймгууд Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Хэнтий зэрэг хил залгаа болон Төв, Орхон, Дархан-Уул аймгуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн энэ онд Улаан-Үдэ хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдсний 35 жилийн ой тохиож буйг онцоллоо.
Дорнын эдийн засгийн форум (ДЭЗФ) нь есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Владивосток хотын Алс Дорнодын холбооны их сургуулийн кампуст “Алс Дорнод — Хүмүүсийн сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Эх сурвалж: ТАСС
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.