Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд “Тажикистаны соёлын өдөр”-ийн хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн Нийслэлийн Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистан улсын үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Нээлтэд Монгол Улсын Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг хүрэлцэн ирж, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Тажикистаны Соёлын сайд Матлубахон Сатториён болон бусад төлөөлөгчдийн хамт уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Тус үзэсгэлэнд Тажикистаны уран бүтээлчдийн дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн 32 шилдэг бүтээлийг дэлгэжээ.
Хүндэтгэлийн тоглолтыг нээж хоёр улсын Соёлын сайд нар үг хэлэв. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг бататгаж буйг онцлов. Харин Сайд Матлубахон Сатториён соёл нь ард түмнийг нэгтгэх нийтлэг хэл болохыг тодотгож, Монголын өв соёлыг дэлхийн үнэт өвийн салшгүй хэсэг хэмээн тэмдэглэлээ.
Тоглолтод Тажикистаны Улсын симфони найрал хөгжим, эстрад, үндэсний хөгжмийн болон “Зебо”, “Джахоноро” бүжгийн чуулга оролцож, 19 үзүүлбэрийг толилууллаа. Тажикистаны уран бүтээлчид үндэсний урлагаасаа гадна Монголын сор бүтээлүүдийг тайзнаа амилуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв.
Монголын ард түмний сэтгэлд хоногшсон, монгол хүний хийморь, цог золбоог илтгэсэн Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг удирдаач А.Ализодагийн удирдлагаар эгшиглүүлж, эх хүний ариун хайр, энэрэл нигүүлслийг магтан дуулсан “Эх үрсийн элбэрэл” дууг дуучин С.Сангинов, эх орноо хайрлан дээдлэх үзэл, үндэсний бахархлыг шингээсэн “Эх орон” дууг О.Ахадов нар дуулсан байна. Эдгээр бүтээлийг Тажикистаны уран бүтээлчид үзэгчдэд зориулан сэтгэл шингээн толилуулсан нь олны сэтгэлийг хөглөж, хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл ямар ойр дотно болохыг харуулсан сайхан бэлгэдэл болсон талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ