08:27
02.08.2026
Ням
Монгол Улс чацарганы тосны олон улсын стандартыг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний онцлог, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болох ингэний сүү, чацарганы тосыг олон улсын зах зээлд таниулан сурталчлах, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны техникийн саадыг бууруулах зорилгоор эдгээр бүтээгдэхүүний Кодекс Алиментариусын олон улсын стандартыг боловсруулах ажлыг 2025 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын боловсруулсан чацарганы тосны Кодексийн стандарт боловсруулах шинэ ажлын саналыг Швейцарийн Женев хотноо энэ сарын 6-10-нд зохион байгуулсан Кодекс Алиментариусын Комиссын /CAC/ 49 дүгээр чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, “Шинэ ажил”-аар албан ёсоор баталлаа.

Шинэ ажлыг баталснаар чацарганы тосны олон улсын Кодексийн стандартыг боловсруулах үйл явц албан ёсоор эхэлж байгаа аж. Цаашид шинжлэх ухааны нотолгоо, техникийн үндэслэлд тулгуурлан гишүүн улс орнуудын оролцоотой стандартын төслийг боловсруулж, үе шаттай хэлэлцэн батлуулах юм.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын санаачилга олон улсын түвшинд дэмжиж буйг илэрхийлэхийн зэрэгцээ чацарганы тосны чанар, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагыг олон улсын хэмжээнд тогтоох, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийг нээж байгаа аж. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.