Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын ширээний теннисний холбоонд хүсэлт тавьсны дагуу дэлхийн чансааны оноо олгох өсвөр болон залуучуудын тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Энэхүү хоёр тэмцээн нь хоёулаа дэлхийн чансааны оноо олгох бөгөөд ширээний теннисний спортын хувьд анх удаа уг тэмцээнийг Монголд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Монголын ширээний теннисний спортын хөгжлийг дэлхийд сурталчлах, монгол тамирчдын ур чадварыг харуулах, залуу тамирчид эх орондоо дэлхийн чансааны оноо авах, чадвараа ахиулах зэрэг чухал ач холбогдолтой.
Уг тэмцээнд Япон, Тайвань, Өмнөд Солонгос, Энэтхэг, Сингапур, АНУ, Саудын Араб , ОХУ, Макао, Швед, Хонконг, Тайланд, Австрали, Оман зэрэг 18 улсын 300 гаруй өсвөрийн тамирчин 5 насны ангилалаар өрсөлдөж байна.
Түүнчлэн тэднийг дагалдах дасгалжуулагчид, шүүгчид, албаны зочид, төлөөлөгчид нийлсэн 400 орчим зүтгэлтэн манай улсад иржээ.
Өсвөрийн тэмцээн маргааш өндөрлөх бол залуучуудын ангиллынх энэ сарын 19-23-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох хуваарьтай байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ