ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов Кызыл хотын ерөнхий боловсролын 22 дугаар сургуульд зочлох үеэрээ Оросын боловсролын салбар шинэ хичээлийн жилд бэлэн байгаа талаар Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд илтгэлээ. Есдүгээр сарын 1-нд 17.8 сая сурагч сургуульдаа явахаас 1.5 сая нь анх удаа сургуулийн ширээнд суух юм. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын MAX суваг дээр мэдээлжээ.
Сургуулиуд бага ангийн сурагчдыг халуун хоолоор хангасан бөгөөд энэ зорилгоор холбооны төсөвт 76 тэрбум рублийг тусгасан байна. Бүх Оросын Ардын Фронтоос (ОНФ) гаргасан мэдээллээр эцэг эхчүүдийн 80 хувь нь сургуулийн хоолны чанарт итгэдэг гэжээ.
Сургуулиудад кабинетуудыг шинэчлэн тохижуулж байна. 2025 оноос хойш Хөдөлмөр болон Үндэсний аюулгүй байдал, амьдрах ухааны (ОБЗР) 23 мянган кабинетад шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн бол 2026 онд физик, хөгжим, дүрслэх урлагийн 23 мянган кабинетыг тоноглож байна. Харин 2027 онд хими, биологи, математикийн 20 мянган кабинетад төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЕГЭ) дүн жил бүр өсөж байгаа нь боловсролын чанар дээшилж буйн илрэл юм. Дундаж балл болон байгалийн ухааны хичээлүүдийн балл тус тус өсөхийн хажуугаар өндөр балл авсан сурагчдын тоо ч нэмэгдэж байна.
Михаил Мишустин 2019 оноос хойш 1.7 мянга гаруй шинэ сургууль баригдаж, 6.5 мянга гаруй сургуульд их засварын ажил хийгдсэнийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Засгийн газрын тэргүүн сурагчдын дунд техникийн чиглэлтэй холбоотой байгалийн ухааны хичээлүүдийг сонирхох сонирхол нэмэгдэж байгааг дурдлаа. Энэ нь тухайн мэргэжлүүдийг сурталчлан таниулж, хүүхдүүдийн сонирхлыг сэргээсний үр дүн юм.
«Манай Гэгээрлийн яам багш нар болон нийт хамт олонтойгоо хамтран хүүхдүүдийг хамгийн орчин үеийн боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, сайн суралцаж, мэргэжлээ зөв сонгоход нь туслахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэж найдаж байна. Тэд Мэргэжлийн боловсролын төв, коллеж эсвэл дээд сургууль гээд аль замаар замаар замнасан нь хамаагүй» хэмээн Мишустин онцоллоо.
Эх сурвалж: Канал Правительства РФ в MAX