19:44
27.07.2024
Бямба
Украины зөрчил эхэлсэн 2022 оноос хойш нутгаасаа гарч явсан иргэдийн талаарх ОХУ-ын байр суурийг илэрхийллээ

Украины зөрчил эхэлсэн 2022 оноос хойш нутгаасаа гарч явсан иргэдийн талаарх ОХУ-ын байр суурийг Ерөнхийлөгч Владимир Путины Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков илэрхийллээ.

“Оросын эсрэг байр суурийг баримталсан, мөн Киевийн дэглэмийн талд зогссон хэнтэй ч бид зам нийлэхгүй, тэднээс бусдыг нь эх орон чинь үргэлж хүлээж байна” хэмээн Дмитрий Песков мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн тодотгосноор ОХУ-аас гарч явсан иргэдийн дийлэнх нь тухайн цаг үед хаана амьдрахаа чөлөөтэй сонгосон хүмүүс гээд “Гэхдээ юу ч болж байсан тэд бол эх оронтой хүмүүс. Тэдний эх орон бол Орос. Эх орон нь тэднийг үргэлж хүлээж байдаг” хэмээн хэллээ.
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев эх орноосоо явсан иргэдэд хандан “чимээгүйхэн эргэж ирээд эх орондоо туслах”-ыг санал болгожээ. Энэ тухайгаа тэрбээр Холбооны зөвлөлийн “Засгийн газрын цаг” арга хэмжээний дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Энэ оны есдүгээр сарын 12-нд Дорнын Эдийн засгийн форумын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн энэ талаар байр сууриа илэрхийлсэн. “Тэд өөрсдөө эх орноо орхин явсан, Орост буцаж ирэх тэдний замыг хэн ч хаагаагүй. ОХУ-ын хуульд зааснаар ОХУ-ын иргэн хэн боловч хүссэн газраа амьдрах эрхтэй, эх орноосоо явах гэсэн хэний ч эрхийг хязгаарлаж болохгүй” хэмээн Путин мэдэгдсэн билээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр Украины зөрчил эхэлж, цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш хэдэн мянган иргэн Оросоос гарч явсан гэжээ. Тэдний дийлэнх нь Арабын нэгдсэн Эмират, Казахстан, Гүрж, Узбекистан, Армян, Азербайжан руу явцгаасан юм.

Урьдчилсан тооцоогоор энэ хугацаанд Монголд 6000 гаруй ОХУ-ын иргэн ирсэн бөгөөд Монголд ирсэн иргэд гол төлөв Сибирь, Алс Дорнодын иргэд байгаа юм.

Төрийн Думын тэргүүн Вячеслав Володины энэ оны хоёрдугаар сард мэдэгдсэнээр Оросоос гарч явсан иргэдийн 60% эх орондоо эргэн ирж, өмнө эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийцгээж байгаа ажээ. Иргэдийн эргэн ирэх процесс одоо ч үргэлжилж байгааг Володин хэлсэн.

Эх орноосоо түр яваад эргэн ирсэн хүмүүстэй уулзаж ярилцахад гадаад орны орчин нөхцөлд дасан зохицож амьдарч чадаагүй хэмээн эргэн ирсэн шалтгаанаа тайлбарлажээ.

Гадаад орон руу явсан орос иргэдэд учирсан хүндрэлүүдийг тоочвол тухайн орны хэлээр ойлголцохгүй, цаг уурын тохиромжгүй нөхцөл, үл хөдлөхийн өндөр үнэ, ажил олдохгүй, рублиэр амьжиргаагаа залгуулах боломжгүй зэрэг шалтгаан байжээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.